Ёс суртахуунлаг хүмүүс л зөв хууль гаргадаг №22

СЭЗДС-ийн багш, доктор (Ph.D), профессор, нийтлэлч Б.Оюунчимэг

{!!!right!!!}Ирээдүйн залгамж үеийг зөв төлөвшүүлэх, хүн төрөлхтнийг хөгжүүлж дэвшүүлэх, хүн хийгээд байгалийн зохицлыг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахын тулд нийгмийн шударга ёс, үнэнч байдлыг цогцлуулах, орчин үеийн үнэт зүйлийг бүтээх, түүнийг уламжлалтай хослуулах, ахмад, залуу үеийнхний холбоо харилцааг бэхжүүлэх, бие биенээ ойлгодог, хүндэлдэг, хайрладаг болгоход ёс суртахуун ихээхэн үүрэгтэй.

Ардчиллыг хүний нийгмийн шударга ёсонд хүргэх ухаалаг хэрэгсэл болгох, түүнийг бодитойгоор хэрэгжүүлэхэд ёс суртахууны уламжлалт хэм хэмжээг чанд мөрдөх шаардлагатай. Ёс суртахуунлаг хүмүүс л нийтийн ашиг сонирхолд нийцсэн хууль гаргаж, хэрэгжүүлж, ардчиллыг жинхэнэ ёсоор нь бий болгож, нийгэм, эдийн засгаа тогтвортой хөгжүүлж, засаг төрийг зөв, сайн барьж чадна. Ёс суртахуунлаг болох нь тэр дор нь хийчих амар хялбар ажил биш ч бид үүнийг хойш тавих эрхгүй юм.

Бүх нийтийн хариуцлагыг дээшлүүлэхэд ёс суртахуун тун чухал үүрэгтэй. Бүх нийтийн хариуцлагыг ухамсарласан хүн л өөрийн явцуу ашиг сонирхолд хөтлөгдөхөөсөө илүүтэй бусдын зовлон бэрхшээлийг ойлгож, хүлээн авч, тусалж чадна. Бүх нийтийн хариуцлагаа дээшлүүлснээр хүмүүс үнэнч шударгын зарчмыг баримталдаг болно.

Нийгэмд юу нь буруу, юу нь зөв байгааг тунгаах сөхөөгүй явсаар, нийгмийн тогтолцооны зөв, шударга гэдэгт итгэл алдарч, “өөрийн санаа өөртөө зөв”, “өөрийнхөөрөө л явъя” гэсэн бичигдээгүй хуулийг мөрдөх, юунаас болж, яагаад зовж байгаа шалтгааныг олохыг хичээхийн оронд буруу болгоныг төр засаг, нийгэм, ер нь л бусдад тохох болсон энэ үед сэтгэлийн ариун явдлаар хэмжигддэг ёс суртахуун бидэнд ус, агаар шиг хэрэгтэй байна.

Ёс суртахуун дутагдсанаас аймшигт гэмт хэргийн тоо өссөөр, нийтийн албаныхан авлига, хээл хахуульд автсаар, олон хуулийг “цоорхойтой” дутуу дулимаг, ёс суртахуунднийцүүлэхгүйгээр, бүр ёс суртахуунгүй хүмүүс оролцон гаргасаар байгаа. Хууль хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Хуулийг ёс суртахуунлаг хүмүүс гаргах ёстой.

Ёс суртахуун жам ёсны хууль тул түүнийг нийгэм, эдийн засгийн бусад зохицуулалтаас дээгүүр тавьж, жинхэнэ хүн ёсны хууль гэж дэвшилтэтхүн төрөлхтөн үзсээр ирсэн, ийм ч байх ёстой. Үүнийг хүн бүр ухаарч ойлговол нийгмийн зүй бус үзэгдлүүд ихээхэн багасах болно.

Өр, чирэгдэл дагуулах, авлига хээл хахууль “бойжуулах”, ажил бүтээлийг цалгардуулах, бодлогоо буруу тодорхойлох, алдаатай бодлого хэрэгжүүлэх, гаргасан бодлогоо хэрэгжүүлэхгүй байх болон бусад дутагдал монгол төрд байсаар. Сургуулийн зориулалттай, яг адилхан хоёр барилгын нэг ам дөрвөлжин метр талбайн үнийг найм дахин зөрүүтэй тогтоож байсныг жишээ болгон дурдаж болно. Төр нийтэд үйлчлэх үүрэгтэй институци тул тэнд зөвхөн ёс суртахуунлаг хүмүүс ажиллах ёстой.

Жамын хаан болох ёс суртахуун, номын хаан болох оюун ухаан, ёсны хаан болох хууль эрхзүй гурав хүний зайлшгүй эрхэмлэх ёстой зүйлс ч эдгээрийн дотроос ёс суртахуунхамгийн эрхэм нь юм. Тийм ч учраас ёс суртахууны хэм хэмжээг сахин мөрдөх явдлыг жам гэж үздэг. Ёс суртахууны хэм хэмжээг сахин биелүүлнэ гэдэг нь хүн төрөлхтний жам болох хүн ёсыг даган мөрдөнө гэсэн үг.

Ёс суртахууны бат итгэл үнэмшилтэй хүнийг хууль, эрх мэдэл, мөнгө, өнгөний аль нь ч дийлэхгүй.

Нэг, хоёр жилийн цаадахыг хардаг улс хүнсээ бэлтгэдэг.

Арав, хорин жилийн алсыг хардаг улс мод тарьдаг.

Зуун жилийн цаадахыг хардаг улс хүнээ зөв төлөвшүүлэх бодлого гаргадаг гэсэн үг байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ