Т.Санчир: Хүүхдүүдээс хүртсэн шагнал л хамгийн гоё

Азийн наадамд амжилттай оролцоод ирсэн Монголын шигшээ багийн тамирчин Тунгалагийн Санчиртай цаг Улсын их дэлгүүрийн ойролцоо цаг товлон уулзлаа. Бид мэнд мэдэлцэн Азийн наадамд үзүүлсэн амжилтынх нь талаар сэтгэгдлийг асууж ярилцлагаа эхлүүлсэн юм.

-Сайн байна уу. Саяхан яваад ирсэн тэмцээний талаар ярилцлагаа эхлэе. Азийн наадамд амжилттай оролцлоо. Өмнөх тэмцээнүүдээс юугаараа онцлог байв?

-Миний хувьд Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон. Өмнөх Гуанжоугийн наадамд манай багийнхан 12-р байрт орж байсан. Харин сая болсон наадмын хувьд 8-р байранд орж амжилтаа дээшлүүллээ. Энэ бол манай сагсан бөмбөгийн тамирчдын хувьд тэмдэглүүштэй үйл явдал болсон. Учир нь энэ жилийн өрсөлдөгчдийн хувьд илүү чанга байсан, дэлхийн аваргын тэмцээнд шалгаран өрсөлдөж байгаад ирсэн багуудтай тоглосон. Гэсэн ч эдгээр багуудтай тоглож, амжилт гаргасандаа баяртай байна.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн багуудтай өрсөлдсөн гэлээ. Манай баг тамирчдын хувьд ер нь хэзээ дэлхийн аваргад оролцох бол?

-Дэлхийн аваргын хувьд ирэх жилийн Зүүн Азийн аваргад оролцоод хэрэв түүнээсээ шалгарч чадвал Азийн аваргад оролцдог. Харин Азийн аваргаас дэлхийн аваргад орох эрхээ авдаг байгаа. Яг хэзээ орохыг бол хэлж мэдэхгүй, ойрынжилүүдэд орно гэж баталж чадахгүй ч магадгүй манай ирээдүй, шинэ залгамж халаа болсон тамирчид оролцоно гэдэгт итгэлтэй байна.

-Та Азийн шилдэг сагсан бөмбөгчдийн гуравт жагссан. Ийм амжилтад хүрэхэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн зүйл юу байв?

-Тамирчин хүн хамгийн түрүүнд сахилга бат маш сайн байх хэрэгтэй. Ер нь бол тамирчин хүний хувьд сахилга бат сайтай, бэлтгэл сургуулилтаа сайн хийх гэсэн шаардлага байнга тавигддаг. Бэлтгэл сургуулилтхийхэд архи тамхи хориотой байдаг. Тэгэхээр нэг ёсондоо хувийн сахилга бат, амжилтад хүрнэ гэсэн мэрийлт л нөлөөсөн байх.

-Хэрэв гадны багаас тоглох санал ирвэл хэрхэн хүлээж авах вэ? Танай багийханд санал ирж байна уу?

-Манай багийн тамирчид бол баг багаас шалгарсан шилдэг тоглогчид байдаг. Ерөнхийдөө бүгд сайн, жигд тамирчид. Одоогоор бидэнд гаднаас санал ирээгүй байна. Манайханд хэнд нь ч ирж болохыг үгүйсгэхгүй. Түүнийг өөр өөрсдөө шийдэх байх даа. Миний хувьд яг албан ёсоор ярьсан хүн, ямар нэгэн санал алга байна. Би одоогоор “Баянгол Гурван Тамир” багт харьяалагддаг. Тийм болохоор хэрэв санал ирвэл багийн удирдлагууд, тамирчидтайгаа ярьж байж шийдэх асуудал юм.

-Сагсан бөмбөгөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ? Ямар ямар шагнал хүртэж байв?

-Арван жилдээ сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Манайх бичил хороололд байсанболохоор байрныхаа гадна л тоглож өссөн. Анх өсвөрийн лигт ороод тэрнээсээ цаашаа дүүрэгт тоглож эхэлсэн. 2007 оноос лигт тоглож эхлээд мөнгөн медаль авч байлаа.2008 онд “Шинэ залуу амжилт” гэсэн шагнал авч, 2011 онд “Тэргүүн довтлогч”, 2014 онд “Final-ийн үнэ цэнэтэй тоглогч”-ор шалгарч лигийн тэргүүн байранд орсон юм.

Эдгээр шагналуудаас “Нахиа” хүүхдийн нэвтрүүлгээс өгсөн шагнал их гоё. Хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхдүүдээс хайртай тамирчнаа нэрлэнэ үү санал асуулга ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс авсан байсан. Намайг арав гаруй мянган хүүхдүүд дэмжиж хүүхдийн баяраар “Нахиагийн сонголт” гэсэн шагнал маань миний хувьд маш том урам болж өгсөн. Хүүхдүүдээс хүртсэн шагнал юм даа.

-Хасын хүлгүүд багаас яагаад гарах болов?

-Өнгөрсөн жил Хасын хүлгүүд багт тоглодог байсан. Хасын хүлгүүд багтай хийсэн гэрээний хугацаа дууссан. Мөн нөгөөтэйгүүр би Баянголын унаган хүүхэд болохоор дүүргийнхээ өмнөөс тоглоё гэж бодсон. “Баянгол гурван тамир” багийн тоглогчийн хувьд мэдээж цалинжина.

-Таны хувийн амьдрал уншигчдад сонирхолтой байгаа байх. Ямар сургууль төгссөн бэ? Спортод хүчин зүтгэхээс гадна ямар ажил хийдэг вэ?

-2011 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг олон улсын худалдааны менежерээр төгссөн. Одоогоор мэргэжлээрээ ажиллаж амжаагүй байна. Соёмбо даатгалын компанид даатгалын менежерээр ажиллаж байгаа.

- Гэр бүлээ манай уншигчдад танилцуулаач? Эхнэртэйгээ хэрхэн танилцаж байв?

-Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэрийг Сарнай гэдэг. Бид оны өмнөхөн хүүтэй болсон. Их сургуулийн хоёрдугаар курст байхдаа танилцаж үерхсэн. Эхнэр маань манай доод үеийн охин байсан.

-Таныг Баяраа гарьдын хүү гэсэн мэдээлэл гадуур явж байсан?

- Энэ дээр тодорхой хариу өгмөөргүй байна.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Ер нь бол бүх спортод дуртай. Сагсан бөмбөг тоглохоос гадна хөлбөмбөг тоглодог, ширээний теннис тоглох дуртай. Мөн найзуудтайгаа хамт кибер спорт, дота тоглодог.

-Амьдралынхаа нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Миний амьдрал нэг хэвийн. Өглөө 09 цагаас ажилдаа яваад орой 6 цагаас тардаг. Дараа нь 7-10 цагийн хооронд бэлтгэлээ хийдэг. Тэгээд л гэрийн бараа харна даа. Гэртээ байх хугацаа маань бага байдаг ч манай эхнэр миний ажлыг маш сайн ойлгодог. Ер нь л тамирчдын эхнэрүүд хамгийн тэвчээртэй, ханиа ойлгодог хүмүүс байдаг. Бид чинь гадаад руу тэмцээнд явахдаа олон хоногийн турш явдаг. Тийм болохоор ар гэрийг маань эхнэр маань авч явдаг.

-Олон нийтийн сүлжээг хэр их ашигладаг вэ?

-Сөшл медиаг төдийлөн идэвхтэй ашиглаад байдаггүй. Хааяа нэг ажлын завсраар фэйсбүүкээ шалгана, зарим нэг цахим хэвлэл рүү орж мэдээ мэдээлэл сонирхдог. Тийм ч идэвхтэй хэрэглэгч байж чаддаггүй.

-Сагсан бөмбөгийн тамирчдад пүүз их чухал гэдэг. Ямар пүүз өмсдөг вэ?

-Кобид дуртай. Бараг бүх загвар нь байгаа байх

-Танд баярлалаа. Уншигчдад хандаж юу хэлэх вэ?

-Манай сагсчид шинэ амжилтад хүрсэн гэж бодож байна. Тиймээс энэ амжилтад хүрэхэд тусалж дэмжсэн бүх хүмүүстээ, нийт монголчууддаа баярлалаа гэж хэлье.

Э.Үжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ