Борлуулагч залууг дэлгүүрийн эзэн П гэгч хөнөөснөө хүлээлээ

АПУ компанийн гэрээт борлуулагч, “Алтан тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуягийг хөнөөсөн байж болзошгүй сэжигтэн этгээдийг саатуулаад байгаа. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад уг этгээд Б.Алтанхуягийг хөнөөснөө хүлээсэн байна. Тэрээр Б.Алтанхуягийг биедээ 4 сая төгрөг, 8 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэж явсныг мэдэж, шунахайн сэдлээр Б.Алтанхуягийн амь насанд хүрчээ.

Хэргийг үйлдсэн этгээд БЗД-ийн 11 дүгээр хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзэн П гэгч байсан юм байна. П-гийн дээрэмдэн авсан архи, дарсыг хамаатных нь айлын гараажаас олсон бөгөөд эд мөрийн баримтаар хураан авчээ. Ингээд хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Гэмт этгээд дэлгүүрийн эзэн байсан гэх мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчид маш богино хугацаанд илрүүлэн гэмт этгээдийн буруутайг бүрэн нотолсон. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Сэжигтэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?

-Сэжигтэн П-д Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Тус зүйл ангид “Шунахайн сэдэлтээр хүнийг алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Хэргийг сануулахад, “АПУ” компанийн гэрээт борлуулагч, “Алтан тэвш” компаний ажилтан Б.Алтанхуягийг эрэн хайх ажиллагаа 15 хоног үргэлжилсний эцэст түүний цогцсыг Налайхын ашиглахаа байсан уурхайн гүнээс (15 метр) өнгөрсөн сарын 30-нд 16:00 цагийн орчимд олсон билээ. Түүний унаж явсан “УНК 2983” улсын дугаартай ачааны микро автобусыг Төв аймгийн Зуун мод хотоос олсон. Харин гэмт этгээдийг энэ сарын 01-нд Хонхороос баривчилсан юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ