Офицероос цайз хүртэлх зам хугацаанаасаа өмнө нээгдлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дандарбаатарын гудамж буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос хойш Цайз захын уулзвар хүртлэх 0.9 километр замыг өчигдөр бүрэн нээжээ. Хучилтын ажлыг "Наранбулаг Хан" компанийн замчид төлөвлөсөн хугацаанаас хоёр өдрийн өмнө дуусгасан бөгөөд ийнхүү замын хөдөлгөөнийг нээж, тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлж эхлээд байна.
Одоо хаалттай байгаа замууд
Олимпийн гудамж
Олимпийн гудамж буюу ГХЯ-ны уулзвараас Замын цагдаагийн газрын өмнөх уулзвар хүртэлх 1.1 км замын зорчих хэсэгт хучилт хийх тул авто замын хөдөлгөөнийг энэ сарын 10-нд хаасан. Замын шинэчлэлтийн ажлыг “Экспресс зам” ХХК хийж байгаа бөгөөд энэ сарын 20-ны 06.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Замын төсөвт өртөг нь 1.3 орчим тэрбум төгрөг бөгөөд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа аж.
Сэлбийн гүүр
Зуун айл дахь Сэлбийн хос гүүрийн өргөтгөлийн ажлыг өнгөрсөн зун эхэлж, Сансар чиглэлийн нэг талын гүүрийг засварласан билээ. Харин эсрэг чиглэлийн гүүрийг хааж, засварын ажлыг эхлүүлээд нэлээд хэд хонож байна. Тус гүүрийн засвар, шинэчлэлийн ажлыг “Мотор сервис” компани гүйцэтгэж буй бөгөөд ирэх долдугаар сарын 10-нд дуусах төлөвлөгөөтэй байгаа юм. Дашрамд дурьдахад, Сэлбийн хос гүүр нийт 32 метр өргөн, гурван эгнээ бүхий замтай болох юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ