Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Нийслэлийн өдөр буюу 10 дугаар сарын 29-ний өдрийг угтан Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Их Монгол уулын бэл Ширээт цагаан нуурын хөвөөнд босгосон Гэрэлт хөшөөнд нийслэлийн удирдлагууд болон албаны төлөөлөгчид уламжлал ёсоорхүндэтгэл үзүүллээ. Энэ жилийн хувьд Нийслэлийн 375 жилийн тэгш ой тохиож буй.

Ёслолын ажиллагааг нээж нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хэлэхдээ “Одоогоос 375 жилийн өмнө Монголын их буян хурсан энэ газарт нийслэлийн анхны шавыг тавьж байсан түүхтэй. Түүнээс хойш нийслэл хот 20 гаруй удаа нүүж, 1778 онд өнөөдрийн байгаа газарт очиж байсан гэдэг. Говь, хангай хосолсон энэ сайхан газрыг өнөөдрийг хүртэл онгон дагшин байгалиар нь авч үлдэж, хамгаалж буй нутгийн зон олонд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, түүхт 375 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Зочид, төлөөлөгчид Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам хуваргууд ном айлдаж, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид нутгийн зон олонд уран бүтээлийн дээжээсээ өргөн барисан юм. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Бүрд сумын удирдлагууд бэсрэг наадам зохион байгуулсан бөгөөд нийслэлийн удирдлагууд тус сумын ИТХ, ЗДТГ-т иж бүрэн 10 компьютер бэлэглэлээ.

Дашрамд сонирхуулахад, одоогоос 375 жилийн өмнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуурын хөвөөнд Их эзэн Чингис хааны алтанураг халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг Монголын бурханы шашны тэргүүн анхдугаар Богд гэгээнд өргөмжилж, Монгол Улсын нийслэлийн үүсэл Өргөө шар бүсийн ордыг энэ нутагт байгуулсан түүхтэй. Харин Гэрэлт хөшөөг 1999 онд босгосон билээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ