10 кг орчим мансууруулах төрлийн ургамал хураажээ

ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид өчигдөр буюу энэ сарын 08-ны өдөр хар тамхи, мансууруулах төрлийн бодис олж авсан, бэлтгэсэн, худалдах зорилготой гурван иргэнийг баривчлан мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна. Тэднээс 10 орчим кг мансууруулах төрлийн ургамалыг хураажээ. Сэжигтнүүд 25 орчим наснызалуус байсан бөгөөд тэднийг урьдчилан хориж байгаа гэлээ.
Мөн үүнээс өмнө баригдсан гурван хүнээс 800 гаруй кг дээрх төрлийн ургамалыг хураан авсан. 500 орчим граммыг тэдний нэгнийх нь гэрээс олсон гэнэ. Гэтэл эцэг, эх нь энэ талаар огт мэддэггүй, гэрт нь ийм зүйл хадгалагдаж байсныг ер мэдээгүй байжээ.
Ер нь өнгөрсөн долоо хоногт энэ төрлийн бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдахыг завдсан гэсэн үндэслэлээр 10 гаруй хүнийг шалгасан байна. Энэ төрлийн хэргээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 566 хүн холбогдсон байдаг ба насны ангиллаар нь авч үзэх юм бол 69 орчим хувь нь 19-25 насны хүмүүс байжээ. Энэ тоо өсөх хандлагатай байгааг ЦЕГ-аас сэрэмжлүүлэг хүргэсэн юм. 2002-2009 он хүртэлх найман жилийн хугацаан дах хэргийг сүүлийн дөрвөн жилийнхтэй харьцуулбал хэрэг 4 дахин, холбогдогч 5 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна.Иймд ЦЕГ-аас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон ТББ-уудтай хамтран нэлээд эрчимтэй ажиллаж, олон талын үйл ажиллагаа явуулж байгаа гэлээ. Түүнчлэн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү хэлэхдээ: “Манай иргэд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ихэнхдээ чинээлэг айлын хүүхдүүд холбогддог. Тэгэхээр манай хүүхэд үүнээс хол байгаа гэсэн бодолтой байдаг. Гэтэл өнөөдөр энэ хэрэгт нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс холбогдож байна. Чинээлэг ч, дундаж айлын ч тэр ялгаагүй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ итгээд орхих биш тэднийгээ байнга анхаарч байх хэрэгтэй.” гэв.
Хар тамхи болон мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн хүн бусад гэмт үйлдлийг хийжэхэлдэг аж. Товчхондоо, мансууруулах бодис хэрэглэсэн хүний мансуурлын үйлчилгээ нь гарах үед архи уусны дараах шарталтаас 60-90 дахин илүү бие нь өвдөж зовиурладаг юм байна. Тэрхүү зовиурыг тэвчиж чаддаггүй тул хүн дахин хэрэглэхээр шийддэг гэнэ. Ийнхүү цаашилсаар эцэст нь түүнийг хэрэглэхийн тулд юуг ч хийхээс буцахгүй болдог. Хулгай хийхээс эхлээд хүн алах хүртэл бүхнийг хийхэд бэлэн болно. Ийм аюулт үр уршигтай байдаг учраас энэ төрлийн гэмт хэрэгтэй дэлхий даяараа тэмцдэг ажээ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ