Барилга дээрээс унаж гурван хүн амиа алдаж, гурван хүн гэмтжээ

Барилгын ажилчид амь насаараа хохирох, бэртэж гэмтэх асуудал үргэлжилсээр байна. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа. Бидэнд өгсөн мэдээллээс харахад, зөвхөн өчигдрийн байдлаар дээрх төрлийн хэргийн улмаас гурван хүн амиа алдаж, гурван хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Улаанбаатар хотын хувьд, БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Тунамал үйлс” компанийн аж ахуйн хашаанд агуулахын засвар хийж байгаад шатан дээрээс буюу таван метрийн өндрөөс унаж амь насаа алдсан. Хэргийг мөрдөн шалгаж байна.

БЗД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа барилгын 13 давхраас хүн унаж нас барлаа гэсэн мэдээлэл ирсний дагуу үзлэг шалгалтын ажиллагаа явуулахад “Шинэ гарьд” компанийн барилгын гадна фасадын ажил гүйцэтгэж байсан Сэлэнгэ аймгийн харьяат 23 настай С гэгч нь унаж амь насаа алдсан байв.

Мөн Хан-Уул дүүргийн 15-р хороо “Хүннү” хорооллын баригдаж байгаа барилгын нэг давхраас хүн унаж гэмтлээ гэсэн мэдээллийн дагуу шалгахад уг барилгад цэвэрлэгээ хийж байсан 52 настай Д гэгч нь цэвэрлэгээний ажил хийж байхдаа цахилгаан шатны хонгил руу унаж бэртсэн байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна.

Орон нутгийн хувьд Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р багт байгуулагдаж байгаа “Парк таун” хотхоны шинээр баригдаж байгаа барилгын 10 давхраас хүмүүс уналаа гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгалтын ажиллагааг хийсэн. Гадна фасадын ажил хийж байсан өргөгч тавцангийн тросс тасарч, улмаар “Минж проперти” барилгын компанийн туслах ажилтан Төв аймгийн Баянчандмань сумын харьяат иргэн 39 настай Н амь насаа алдаж, Дархан сумын зургаадугаар багт оршин суух 49 настай С, 37 настай Д нар гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн. Тус сумын цагдаагийн байгууллага уг хэрэгт эрүү үүсгэн мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна.

Ийнхүү тус салбарт гарч байгаа хэргийн тоо буурахгүй байгаа нь ХХАА-ны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хангалтгүй, хариуцлага сул байгаагийн тод илрэл юм. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн цагдаагийн газар болон дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд өөрийн харьяа нутагт баригдаж байгаа барилгын компаниудад шалгалт хийжээ. Шалгалтын хүрээнд ХХАА-ны тал дээр зааварчилгаа, зөвлөгөө өгөх, гарсан зөрчлийг арилгуулах , хэрэв гарсан зөрчил удаа дараа бүртгэгдсэн бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл саналыг Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлэн ажиллаж байгаа гэлээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ