Аймгуудын өрсөлдөх чадварыг дүгнэлээ

Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган амжилттай болж өндөрлөлөө. Тус чуулганыг нээж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан үг хэлсэн бөгөөд чуулганд аймгуудын Засаг дарга болон ИТХ-ын дарга нар, бусад албаны төлөөлөгчид оролцсон юм.
Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 2012 оноос боловсруулж эхэлсэн ажээ. Ингэхдээ статистик мэдээлэл болон аймаг бүрээс авсан санал асуулгын үр дүнг үндэслэн 180 шалгуур үзүүлэлтээр тодорхойлжээ. Тухайлбал, аймгуудын дэд бүтцийн нөхцөл байдал, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэргээр харьцуулалт хийсэн байна.
Тус чуулганаар Орхон, Өмнөговь, Дархан-Уул аймаг ерөнхий үзүүлэлтээрээ тэргүүлснийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми хэллээ.
Энэхүү харьцуулсан судалгааны ажлыг анх удаа зохион байгуулсан бөгөөд энэ нь аймгууд өөрсдийн хөгжлийн бодлого, стратегиа төлөвлөх, үнэлэх боломжийг олгох төдийгүй орон нутгийн удирдлагууд бүсийн хэмжээнд хөгжлийн бодлогоо илүү нягт уялдаатай төлөвлөх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой ажээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ