М.Тулгын хоёр хөл хоёулаа мэдээгүй болжээ

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс завшсан хэрэгт буруутгагдаад байгаа Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга нар ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги, Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулагдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна.

АТГ-аас тэднийг тус хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан гэж мэдээлээд байгаа юм. Хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн ч АТГ-аас Л.Гансүх болон М.Тулга нараас хоёрхон удаа байцаалт авсан. Мөн М.Тулгын нурууны дискний өвчин сэдэрч түүний зүүн хөл мэдээгүй болоод байсан юм. ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангийн эмч нар дүгнэлт гаргаж, М.Тулгыг яаралтай эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн.

“Сонгдо” эмнэлгийн эмч Болдсайхан ч нурууны эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан ч АТГ-аас ямар нэгэн хариу өгөлгүй байсаар өнөөдөр М.Тулгын баруун хөл мэдээгүй болж суумгай болжээ. Хүний амь нас дээсэн дөрөөнд тулчихаад байхад шийдвэр гаргах учиртай АТГ хариу өгөлгүй удаасан, цагдан хорих ангийн эмч нар АТГ-ын шийдвэрийг хүлээсээр ийнхүү М.Тулга хохирогч болсон гэж ар гэрийнхэн нь үзэж байна. Иймээс М.Тулгын ар гэрийнхэн өмгөөлөгч Ц.Баасандорж нар М.Тулгын эрүүл мэндийн хохирлыг нэхэмжлэхээр шүүхэд гомдол гаргахаар болжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ