Б.Бүлтэн эмчтэй холбоотой хүн амины хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцав!


Хүний гавьяат эмч Б.Бүлтэн, С.Энхзаяа, н.Цовоо, н.Мөнхцэцэг, н.Соёлмаа нарын таван хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Өчигдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх эмч нарыг шүүх хурал эхэлсэн. Өмнө нь хэд хэдэн удаа хойшилж байсан шүүх хурал энэ удаа шинжээчийн дүгнэлтийг хэрэгт холбогдсон эмч тус бүр дээр дахин гаргах шаардлагатай гэж үзжээ. Өөрөөр хэлбэл эмч тус бүр ямар алдаа гаргасныг тодорхой болгоогүй нь хэн нь ямар хариуцлага хүлээхийг шүүж тогтооход хүндрэлтэй хэмээн үзсэн байна. Б.Бүлтэн нарын таван эмчийг "Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Хэргийг сануулахад:
2013 онд гуравдугаар амаржих газарт Баянзүрх дүүргийн иргэн Ц-г том хүүхэд тээж байгаа гэсэн заалтаар кесарево хагалгаа хийжээ.Хагалгааны явцад эмч нар хариуцлага алдаж, эхэсийг нь саванд дутуу үлдээсэн байгаа юм. Ингээд иргэн Ц гурван удаа хагалгаанд орж, эцэстээ амиа алдсан гэж ар гэрийнхэн нь хэлдэг. Тэгээд ч шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр эмч нар ажил үүрэгтээ хайнга хандаж, хохирогчийн эхэсийг дутуу үлдээснээс үүдэн амь насаа алдсан гэж дүгнэсэн байдаг юм. Б.Бүлтэн нарын таван эмчид эрүүгийн хуулийн 106.2-т заасан үндэслэлээр БЗД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж харьяа прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Гэм буруутай нь тогтоогдвол албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалт бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ