УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр /2014.10.11/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив. Тэрээр жилд хоёр удаа мод тарьдаг бөгөөд энэ удаад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Арвин, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар оролцлоо.
Мөн УИХ-ын Тамгын газрын ажилтнууд мод тарих арга хэмжээнд оролцож нийт 200 гаруй мод суулгав. УИХ-ын дарга З.Энхболд мод тарих арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Манай улс мод тарихүндэсний өдөртэй болсноос хойш улсын хэмжээнд 34 мянга гаруй аж ахуй нэгж, 800 гаруй мянган иргэн, 7 сая ширхэг мод тариад байна. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 8.3 хувийг ой эзэлдэг. Тиймээс бид бүх нийтээрээ моджуулах ажлыг идэвхтэй хийх хэрэгтэй байна. Өнөөдрийн мод тарих арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын ажилтнууд оролцож байгааг онцлон хэлмээр байна” гэв
Энэхүү мод тарих арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн 21 дүгээр дунд сургуулийн 4 дүгээр ангийн сурагчид, Баянзүрх дүүргийн Боловсролын газрын ажилтнууд оролцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ