Бужигнаан ба Н.Энхбаярын сценари

Улстөрчид ид бужигнаж байна. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, унахгүй нь тодорхой болсон ч сайд нарынх нь тэн хагасын сэтэр суудлын асуудал хөндөгдсөн тул үүрээ хутгуулсан шоргоолж шиг л боллоо.
Дээрээс нь Ерөнхийлөгч парламентын гаднаас шинэ сайд нараа сонгохыг намуудын бүлгийн дарга нарыг дуудан уулзаж хатуу сануулсан. Ирэх оны төсвийн төсөлтэй холбоотойгоор "Хот дампуурах нь" хэмээн нийслэлийн удирдлагууд шуугилдаж байгаа зэргээр муу нэртэй луу данстай сайд нарыгулам ч тэвдүүлж байгаа гэнэ.
Улстөрчдийн сандал ширээний төлөөх энэхүү бужигнаан хүйтний ам наашилсан цагаар захиалсан мэт өрнөж байгаа тул ард нь хөөрхий монголчуудын амьдрал л хэцүүдэх тийшээгээ хандана. Улс орноо, гал алдчихгүйхэн шиг өвөлжихөд нь толгойгоо гашилгах ёстой Эрчим хүчний яамныхан асуудал аль тийшээ эргэхийг хүлээзнэнэ. Нийгэмд байсгээд л хар дуулиан дагуулж монгол залуусын амиар туг тахидаг болсон барилгын салбарынхантай холбоотой хоёр ч сайд нь (салбарын сайд болон Шадар сайд) өөрчлөгдөж сүлэлдэх болсон тул бас л будилаантай.
Бужигнааны хажуугаар Солонгост биеэ эмчлүүлж, буддын шашинд гэгээрч хэвтээ Н.Энхбаярын шуугиан бүр ч ихээр монголчуудыг алмайруулав. Байсгээд нэг би байгаа шүү гэдгээ сануулж хэвлэлээр шуугиулаад авдаг экс ерөнхийлөгчийн сценари энэ удаа бүр ч гайхалтай өрнөж байна.
Солонгос, Монголын хэвлэлүүдээр иргэншлээ солих гэж байна хэмээн бужигнуулсан ерөнхийлөгч гэнэтхэн намын гишүүдийнхээ хайрт даргыгаа санан хүлээж нулимс дуслуулсан торгон агшинтай хамт Улаанбаатарт буулаа.
Эгээ л дарга маань хөөрхөн шүү, сайхан шүү гэх нь холгүй хэт бялдуучлал дунд умбасан Н.Энхбаяр төрийн ордны хойморт намын бүлгийнхээ хуралдаанд залраад авсан. Хэнд ч бурууг өгөхгүй, хэнд ч мууг санахгүй, Засгийн газрын асуудалтай холбоогүй гэсэн Н.Энхбаярын нисэх онгоцны буудалд хэлсэн үг худлаа аж.
Эх сурвалжийн мэдээллээр харин ч Засгийн газрын энэ бужигнаанд бүр ч их хувь нэмрээ оруулах сценарийг дэглээд буцах гэнэ.
Шазууртай Н.Алтанхуяг ерөнхийлөгчийн хэлсэн давхар дээлний сануулгын эсрэг зогсохоо "Хуулиа л барина" хэмээн олонд ойлгуулаад авсан. Тэгвэл Н.Энхбаярын ирсэн нь үүнтэй ч холбоотой гэх. Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёр учраа ололцож шинэ бүтэц дээр эвтэйхэн тохирсноор чуулганы хуралдаанд сайдуудын асуудал ямар ч эсэргүүцэлтэй тулгарсан кнопны илүүгээр ногоон гэрлээр батлагдах боломжтой гэнэ.
Ийнхүү ард түмний амьдралын төлөө биш, сайдын суудлын төлөөх бужигнаанд улс төрийн хүрээнийхэн автсаар л. Давхар дээлээ тайлж үлгэр жишээ үзүүлээд гарсан Х.Баттулга хүртэл хүссэн хүсээгүй үүнд хутгалдаад авав.
Зарим хэвлэлүүдээр Х.Баттулга гишүүнийг эргээд Засгийн газарт орохоор зүтгэж байна гэсэн мэдээлэл гарсныг гишүүн твиттертээ "За бас ... засаглна л гэнэ шүү... гүэмөн сайхан залах м даа...кк.." хэмээн хариуг нь өгснийг МоАХ фракцийн зарим нөхөд нь эмзэглэн хүлээж авсан бололтой.
Сайд биш л хүн бол хүн байхаа больсон мэт харагддаг улстөрчдийн жишгээр Х.Баттулга фракцынхныхаа заримын нүдэнд орсон хог шороо болж эхэлснийг өнгөрсөн долоо хоногт бид харсан. Ингэснээр сайдын төлөөх бужигнаанаас хол үлдэж байгаа МоАХ хүртэл дундуураа тасарч хохирол амсаж ч магадгүй.
Маргааш УИХ-ын Байнгын хороо болон нэгдсэн чуулганаар сайд нарын асуудлыг хэлэлцэж эхэлнэ. Хэд буцаж хэр удаан бужигнахыг бид харцгаана. Улс төрөө гэж...
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ