О.Магнай ёсзүйгүй гэх шүүгчдийн нэрсийг зарлалаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газраас арилжааны банкуудыг зээл авсан иргэдээс үндэслэлгүйгээр 0,4-1 хүртэлх хувийн шимтгэл авч байна гэж үзэн шаардлага хүргүүлээд хэдэн сарын нүүрийг үзээд байгаа. Харин энэ шийдвэрийг арилжааны 13 банкныхан эсэргүүцэж шүүхэд хандсан ажээ. Шүүх хурал энэ сарын 15-нд Захиргааны хэргийн шүүхэд болохоор товлогджээ.

ШӨХТГ-ын дарга О.Магнай нэр бүхий шүүгчид мөнгөтэй, эрх мэдэлтэй талд нь үйлчилдэг гэдгийг онцлоод дараахь шүүгчдийн нэрийг олон нийтэд зарлалаа. “Анхан шатны шүүхийн Лхагвасүрэн, Эрдэнэчимэг, Оюунгэрэл, Батзориг, Адьяасүрэн, Давж заалдах шатны Тунгалагсайхан, Зоригтбаатар, Хонинхүү, Цогт, Энхмаа, Батбаатар, Халиунбаяр, Дээд шүүхийн Хяналтын шатны танхимын Зандраа, Сумъяа, Атарцэцэг, Батсүрэн, Тунгалаг, Мөнхтуяа, Цэцэгээ гэсэн хүмүүс бий.

Эдгээр хүмүүс зохион байгуулалттайгаар есөн удаагийн хэрэг дээр ШӨХТГ-ын эсрэг шийдвэр гаргасан. Манай байгууллагын эсрэг шийдвэр гаргана гэдэг нь олонхи, хэрэглэгчдийн эсрэг шийдвэр гаргалаа гэсэн үг. Бид Шүүгчийн ёсзүйн хороонд 2 удаа хандсан. Тэнд хуульзүйн үндэсний төвөөс, Шүүхийн ерөнхий зөвлөл зэргээсхүмүүс ажилладаг. Тэд шүүгчдийнхээ ёсзүйг өөрчилье гэсэн бодолгүй хүмүүс байдаг юм билээ.

Дээрх хүмүүсийн нэрсийг нийгэмд ингэж хэлснээр тэд дараа дараагийнхаа үйлдэлд анхаарна гэдэгт итгэж байгаа хэрэг юм. Түүнчлэн 15-ны өдөр болох банкныхантай холбоотой шүүх хурлыг олон нийтийн анхааралд оруулбал үнэн бодитой шийдвэр гарах болов уу гэж итгэж байна” гэлээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ