Дэлгүүр хэсэхдээ хамгийн сайхан хувцасаа өмс

Амралтын өдрийг тохиолдуулж өвлийн хувцасны сонголтоо хийхээр дэлгүүрүүдээр жаахан сонирхлоо. Манай нийслэл жилээс жилд өнгө нэмэн, барилга байгууламж, дэлгүүр хоршоонууд тав тухтай, тохилог болжээ. Гэтэл тохилог байхынхаа хэрээр үйлчлэгчид нь зочломтгой, найрсаг байж чадахгүй байгаа нь ажиглагдаж байлаа. Нийгмээсээ шалтгаалаад ч тэр юм уу хүмүүсийг ялгаварлан үзээд байх нь элбэг болж. Ялангуяа худалдаа үлйчилгээний байгууллагууд болон хувийн хэвшлийн байгууллагууд хувирч аашлах нь элбэг юм. Оюутан эсвэл жирийн нэг ажилтан хувцас сонирхох гэхээр авбал үзүүлнэ, авахгүй бол босмооргүй байна гэх юм. Харин өнгөлөг нэгэн очвол таарахгүй байгаа хувцасыг нь гоё зохиж байна, энэ танд л зориулагдсан мэт байх юм гэж тал засаж, таван ааш гаргана.
Захын нэг дэлгүүр ороход л би дэлгүүрийн эзэн шүү гэх харц өмнөөс гөлийлгөнө. Гэтэл үнэндээ та дэлгүүр босс байна уу боол байна уу үйлчлүүлэгчээ л татаж чадахгүй бол таны хэн байхаас үл шалтгаалж, таны орлого хаагдана гэсэн үг. Энэ хотод хоёр алхаад л өөр дэлгүүр байгаа гэдгийг санаж, хүнийг хүн гэдгээр нь харьцах харилцаа л манай дэлгүүрүүдэд дутагдаад байх шиг.
Зан сайтай айлд хүн бүхэн цугларч
Замаг сайтай нууранд шувуу бүхэн чуулна гэдэгчлэн сайхан зантай, зөв харилцаатай газар л хүмүүсээ татаж, өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болно шүү дээ.
Саяхан ажлынхаа хажуугийн цайны газар ортол гадна самар зардаг эгч орж ирж хоол захиалахад нь төлбөрөө эхлээд өгчих гэж байх юм. Тэгтэл зарим хүмүүс хоолоо идчихээд төлбөрөө төлж харагдана. Энэ бол манай нийгмийн ерөнхий дүр зураг. Өнгөтэй өөдтэй хувцалснаа хүндэлж, өмссөн хувцасаар нь хүнийг дүгнэх болж.

Ингээд үйлчилгээ харилцаа ярьсных эдгээр худалдагч үйлчлэгчдийн боловсролыг нэг авч үзье. Ямар ч зар нийтлэг нэг шаардлага байна. Энэ бол “их дээд сургууль төгссөн байх шаардлагатай”. Та цэвэрлэгчээр ажилд оръё гэсэн ч дээд боловсролтой байх хэрэгтэй. Худалдагч ажилд авна гэсэн зар ч мөн адил энэ шаардлагыг хангасан хүн байх ёстой. Учир нь их дээд сургууль төгссөн хүмүүс харилцааны соёлтой байна гэж үзэж. Гэтэл тэр өврөөрөө дүүрэн диплом, энгэрээр нь дүүрэн ромбо харилцааны соёлын баталгаа болж байна уу? гэдгийг бид захын нэг дэлгүүрээр ороод гарахад харагдаж байна.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ