Н.Очирбатын эмчилгээний зардлыг бүрэн гаргуулахаар шийдвэрлэлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр дотор Н.Очирбат, Б.Хулан нарын нэхэмжлэлтэй “Хурилдуур” ХХК, “Баганат өргөө групп” ХХК-иудад холбогдох иргэний хэргийг шийдвэрлэлээ.

Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн бүлгийн даргаар ажиллаж байсан Н.Очирбат нь 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ангийн захирагч А.Батмөнхийн тушаалаар Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөний баруун урд байрлалтай “Хурилдуур” ХХК-ийн харьяа “Эрин” эмнэлгийн барилга дээр 11 ахлагчийн хамт ажил үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл 10 цагийн үед хажуу талын “Баганат өргөө” ХХК-ийн барьж буй барилгын 12 давхраас тулгуур төмөр унаж, дух, нүүрний хэсгийг онож, тархи болон нүүр, хацрын яс нэлэнхүйдээ бяцарч хүнд гэмтэл авсан.

Тэрээр 2 жилийн туршид БНХАУ, Энэтхэг, БНСУ зэрэг улсуудад эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний нийт зардал болох 82 сая төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Анхан шатны шүүхээс 57 сая 825 736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Очирбат, Б.Хулан нарт олгож,нэхэмжлэлээс 24 сая 174 264 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүхээс тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй гэсэн шийдвэр гарсан. Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Ингэснээр Н.Очирбат, Б.Хулан нарт “Баганат өргөө”, “Хурилдуур” ХХК-иудаас гэм хорын хохиролд 82 сая төгрөг гаргуулахаар болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ