Тэр сайдын нэр хэн бэ?

Хүйтний ам наашилсаар буй энэ мөчид удтал төрийн ажлыг гацаасан Засгийн газрын шинэ бүтэц өнөөдрөөс эхлэн УИХ-аар хэлэлцэгдэж эхэлнэ.
Ерөнхий сайдын төлөвлөгөөгөөр бол "МАХН-МҮАН"-ын Шударга ёс эвслээс МАХН-ын сайд нарын эрхлэх яамдад Сангийн яамыг эс тооцвол хөдөлгөөн оруулсангүй. Сангийн сайд Ч.Улаан айдгаа авдрандаа хийсэн бололтой. Учир нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нэгэнт Засгийн газрын туг тахих сайд нарын жагсаалтад нэр нь түрүүлж бичигдсэн төдийгүй яам нь татан буугдаж чиг үүргээрээ гурван яаманд хуваарилагдаж буй.
Харин МҮАН-ын ганц сайд болох М.Сономпилийн Эрчим хүчний яам Уул уурхайн яамтай нэгтгэгдэх болсон. Түүний оронд намын дарга М.Энхсайханы нэр цохиж орж ирэх сурагтай.
“Шударга ёс” эвсэл анх Засгийн газарт орж ажиллахдаа АН-тай байгуулсан гэрээ бий. Үүнд Засгийн газрын бүрэлдэхүүний 25 хувийг “Шударга ёс” эвсэл бүрдүүлнэ гээд заачихсан байгаа. Шинэ бүтэц ёсоор Засгийн газар 16 сайдтай байх ёстойгоос дөрөв нь тэднийд хамаарах тул Ч.Улаан болон Эрчим хүч, Уул уурхайг нэгтгэсэн яам хэвээр үлдэж таарна.
Н.Алтанхуягийн гол шүдний өвчин бол нам доторх фракцуудын бялуу хуваарилалт. "Олон өнгөтэй нам” гэх тодотголтой Ардчилсан намд фракцын тогтолцоо нэгдүгээрт тавигддаг. Тиймээс эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйгээр бүх фракцаа Засгийн газарт оруулж байж Н.Алтанхуяг танхимаа хадгалж үлдэнэ.
Тиймээс нам доторх фракцийн квотоор сайд нарыг томилох жишиг өөрчлөгдөхгүй. Өмнөх бүтцээр бол Зам тээврийн сайд А.Гансүх МоАХ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, татан буугдсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар МҮДН-ийнх, Гадаад харилцааны сайд Л.Болд “Зүүн хойд Ази”, Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Шонхор” фракцийнх.
Шинэ сайд очих ганц суудал нь Зам тээвэр, Барилга, хот байгуулалтын яаманд байгаа тул Засгийн газраас хоёр ч квот алдаж байгаа МҮДН (Н.Батбаяр, Ц.Баярсайхан нар) үү, нэг квот алдсан МоАХ(А.Гансүх), аль эсхүл хүчирхэгжсээр буй “Шонхор” (Д.Ганхуяг) фракцын алинд очих вэ гэдгийг таахад хэцүү юм.
Ерөнхий сайдын өөрийнх нь хошигносноор гурван гишүүнд нэг сайдын суудал хариуцуулна гэвэл олон гишүүнтэй "Шонхор" хохироод үлдэмгүй мэт. Гэхдээ энэ хошигнол гурван гишүүнтэй хэрнээ хоёр сайдтай "Нэг Ардчилал" фракцын зүг бусдыгаа харц чулуудахад хүргэсэн байна.
Үнэхээр "Нэг Ардчилал" гурван гишүүнтэй атлаа Х.Тэмүүжин, Л.Гантөмөр гэх хоёр сайдтай юм.
Дашрамд Ерөнхийлөгчийн захиад байгаа шинэ сайд нарыг УИХ-ын гаднаас байлгах шаардлагыг Н.Алтанхуяг энэ удаа хэрэгсэхгүй бололтой.
Мөн яамдыг нэгтгэхээр хоёр дэд сайдтай ажиллана гэсэн мэдээлэл гарсан ч үүнийг Засгийн газрын зүгээс үгүйсгэж байна. Тиймээс ажилгүй болж байгаа дэд сайд нарын хувьд байдал хэрхэн өөрчлөгдөхийг таахад хэцүү.
Хуучин бүтцээр Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Зам тээврийн яамны дэд сайд Х.Ержан, Барилга хот, байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа нарын зарим нь яамандаа үлдэж, нөгөө нь ажлаа өгч таарна.
Эх сурвалжуудын мэдээлснээр Уул уурхай, эрчим хүчний дэд сайдаар О.Эрдэнэбулган үлдэх бололтой. Харин Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэдээр О.Чулуунбат, Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэдээр Г.Байгальмаа очно гэсэн чимээ байгаа аж.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ