“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны авто замтай болно

“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны авто замыг барьж байгуулах “Талын зам” төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. “Талын зам” төсөл бол ОХУ, БНХАУ болон Ази-Европыг холбосон тээврийн корридор байгуулж байгаагаараа онцлог.

ОХУ-ын “Дальстрой Механизация” компанийн төлөөллүүд манай улсад ирээд байгаа. Тэд Монгол, Оросын Засгийн газрын хоорондын комиссын хуралдааны үеэр Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах томоохон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Монгол Улсыг төлөөлж “Чингис Лэнд Девелопмент Групп” компани, ОХУ-ыг төлөөлж “Дальстрой Механизация” компани оролцоно.

Уг төслийн хүрээнд 997 км хурдны зам, тус бүр 1100 км эрчим хүчний шугам, байгалийн хий болон газрын тос дамжуулах хоолой барих дэд бүтцийн ажил хийгдэнэ. Энэ нь манай орны хувьд эдийн засаг эрчимтэй хөгжихөд чухал ач холбогдолтой. Шинэчлэлийн засгийн газрын тооцоолж байгаагаар энэ оны 5 дугаар сард ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан гэрээгээр л гэхэд 2018 оноос эхлэн Хятад улс 30 жилийн турш ОХУ-аас байгалийн хий худалдаж авахаар байгаа ажээ.

“Чингис Лэнд Девелопмент Групп” компани нь өнгөрсөн хугацаанд нарийвчилсан Техник Эдийн Засгийн Үндэслэлийг болон зураг төслөө боловсруулж хурдны замыг барьж байгуулах ажил эхлэхэд бэлэн болсон байна. Түүнчлэн өвлийн улиралд ч тасралтгүй ажиллахаар зэхэж байгаа гэнэ.

Хөрш орнуудын тэргүүнүүдийн айлчлалын үеэр “Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” гаргасан. Энэхүү тунхаглалд “Талын зам” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ