Ерөнхийлөгчөө, бизнесмэнүүдээ, түмнээ унагадаг бөхчүүд

Хурсан олныг уухайлуулан баясгаж түмэн олны нүдэн дээр улсынхаа ерөнхийлөгчийн гараас шинэ цолоо зарлигтай нь гардсан бөхчүүд луйварчид байжээ. Допингийн шинжилгээнд унаж олныг шуугиулж байгаа тэднийг болон өмнө нь ийм "хэрэг" өдүүлсэн бусад бөхчүүдийг ингээд нэрлэчихэд нэг их буруудахгүй бизээ.
Учир нь тэд шат шатны дамжлагаар олон хүмүүсийн сэтгэл зүрхийг луйвардсан байх аж. Хамгийн түрүүнд химийн бэлдмэлд "мутантжсан" бие бялдраараа өрсөлдөгч бөхөө дарангуйлж нэг луйвардана.
Удаад нь наадамчин олныг бүгдийг луйвардана. Бид зүгээр л эм тариа арай ахиухан хэрэглэсэн нь ялдаг эсхүл мөнгө төгрөг, авлигын яриа хөөрөөг оновчтой хэрэгжүүлсэн менежмент ухаантай бөхчүүдийн "жүжиг" үзэж суух нь эмгэнэлтэй.
Дараа нь мэдээж хэрэг улсын цолонд хүрсэн тохиолдолд Улсын Ерөнхийлөгчөө хүртэл хуурч зарлиг бичүүлэн, уншуулж ичих ч үгүй энгийн иргэдийн зогсож үзээгүй индэр дээр баяр ёслолын байдалтай цолоо гардаж авна.
Мөн бөх зүрх ээ. Улсын Ерөнхийлөгч ч байсан цолыг нь эргүүлээд нэхэж чадахгүй, тийм хууль тогтоомж байхгүй ээ хэдэн сар барилдах эрхээ хасуулна л биз гэж бодох тэднийг эрхзүйч гэмээр.
Ингээд түмэн олныг төр засагтай нь хуурсан бөхчүүд цол авлаа нэмлээ гэж ивээн тэтгэгчид, нэр дээрээс нь босож барилддаг компаниа захиралтай нь ажилчидтай нь хуураад зогсохгүй араас нь хамгаа шавхан гүйх нутгийн зөвлөлийнхөн аймаг, сумын засаг дарга нарыг ч хуурна.
Харамсалтай нь энэ бол бодит байдал. Монгол бөхийн чанга хатуу ёс суртахуун, журам дүрэм энэ цагт мартагдаж байгааг Монгол бөхийн холбоо хүлээн зөвшөөрөх ёстой. 2002 оноос хойш допинг илэрч эхэлсэн, үүнээс хойш бөхчүүд допинг гэж юу байдгийг хангалттай мэдэх хугацаа өнгөрсөн" гэж яриад сууж буй бөхийн холбооны тэргүүн ч бас эмгэнэл юм даа.
Ядаж цол нэмсэн бөхчүүдэд цолыг нь допингийн шинжилгээний дараагаар албан ёсоор гардуулан өгч байвал зүйтэй мэт. Тэгвэл ядаж л допингтой бөхөд луйвардуулсан олны тоо цөөрнө. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад.
Гэх мэтээр үндэсний бөхийн дэг, журамд өөрчлөлт оруулах олон зүйл байна.
Ер нь үндэсний бөхийг орчин үеийн спортын чиг хандлагатай харьцуулан харвал ердөө л олон нийтийг цэнгүүлэн баясгах шоу бизнесийн нэг хэлбэр болох Америкийн зодооны элдэв тэмцээнээс өөрцгүй болжээ.
Спортын ямар ч үнэр байхгүй гэмээр зүйлстэй Монгол үндэсний бөхийг харьцуулж байгаадаа уншигчдаасаа хүлцэл өчье. Гэхдээ яг л ийм харьцуулалт хийхээс аргагүй нь.
Үргэлжлэл бий.
С.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ