Өнөөдрийн тэмдэглэлт өдрүүдийн тухай

Дэлхийн улс орнуудадөдөр бүр ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал заавал тохиодог. Сүүлийн үед даяаршил нэрийн дор эдгээр өдрүүдийг дэлхий нийтээрээ өргөн хүрээтэй тэмдэглэдэг болжээ. Тэмдэглэлт үйл явдлууд ч өдөр өдрөөр нэмэгдэж байна. Өнөөдөр:
1/ Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих дэлхийн өдөр /уриа: Цайны цаг”/
2/ Гар угаа дэлхийн өдөр /уриа: Цэвэр гар амьдралыг аварна/
3/ Цагаан таягтны дэлхийн өдөр тохиож байна.
4/ Хүнсний дэлхийн өдөр /уриа: Өрхийн аж ахуй нь: Эх дэлхийг тэжээж, шим ертөнцийг тэтгэнэ/

1/ Хөдөөгийн эмэгтэйчүүд нь дэлхийн хүн амын дөрөвний нэгийг бүтээдэг ба тэд хүнсний үйлдвэрлэл болон хөдөөгийн бүсийн тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн өдөр нь (International Day of Rural Women) наад зах нь жилд нэг удаа нийгэмд хөдөөгийн эмэгтэйчүүдийн чухал үүргийн тухай сануулах үүрэгтэй. Энэ өдрийг тэмдэглэх санаачлагыг 1995 онд Бээжин хотноо болж, НҮБ-аас зохион байгуулсанэмэгтэйчүүдийн IV бага хурлаас гаргасан байна.
2/ НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2008 онд жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглан тэмдэглэх болсноор эдүгээ зургаа дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн хувьд “Цэвэр гар амьдралыг аварна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
3/ "Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий даяар аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт тэмдэглэдэг. Цагаан таягтнуудын олон улсын өдрийг "Хараагүй хүмүүсийн олон улсын холбоо"-ны санаачлагаар анх 1979 онд тэмдэглэжээ. Энэ өдөр хараагүй иргэд өөрийн үзэл бодол дуу хоолойгоо төр засаг, олон нийтэд хүргэн, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх арга замуудыг хайсаар ирсэн.
Хараагүй иргэдийн бэлгэдэл болсон цагаан таягны түүх 1921 оноос эхлэлтэй. Британийн Бристоль хотод мэргэжлийн гэрэл зурагчин Жеймс Биггс золгүй тохиолдлоор сохорчээ. Тэрээр амьдралаа шинээр эхэлсэн ба түүний хар таягийг хүмүүс, жолооч нар анзаарахгүй байсан учраас таягаа цагаанаар будуулсан байна.
Таяг хүн бүрийн анхаарлыг татаж чадсан төдийгүй түүнийг удалгүй дэлхийн бусад орнуудын хараагүй хүмүүс авч хэрэглэх болсон аж. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 37 сая гаруй, манай оронд 15 мянга гаруй хараагүй иргэн амьдарч байна.
4/ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 69 жилийн тэртээ 1945 оны 10 дугаар сарын 16-нд анхны хурлаа хийж үүсэн байгуулагдсан түүхэн өдрийг 1981 оноос “Дэлхийн хүнсний өдөр” болгон дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлэх болсноос хойш өдгөө 33 жилийн нүүрийг үзэж байна.
Жил бүр энэхүү өдрийг өлсгөлөн, ядуурал, хоол тэжээлийн дутагдал, хомсдлыг бууруулах, хүнсний баталгаат болон аюулгүй байдлыг хангахад чиглэсэн онцлох сэдвийн хүрээнд тухайн сэдэвт төр, олон нийт, хамтын нөхөрлөлийн анхаарлыг хандуулах зорилго агуулан тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс энэ жилийн хувьд "Хөдөө аж ахуйн хоршоод дэлхийн хүнсний хангамжид гол үүрэг гүйцэтгэж байна” гэсэн уриатай тэмдэглэж байгаа юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ