"Оргил" рашаан сувилалд илэрсэн зөрчлүүд

"Оргил" рашаан сувилалын төрийн өмчийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад МХЕГ-аас түүвэрчилсэн хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ.
ТУЗ-ийн гишүүдэд үр дүнгийн урамшуулал болон сургалт, гадаад томилолтын зардлыг олгосон байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 7.1-д заасныг хэрэгжүүлж ажиллахгүйгээр зарим худалдан авалтыг шууд гэрээ байгуулж хийсэн байна.
2013 онд Сав хоршооноос 25.3 сая төгрөгийн жимс, хүнсний ногоо, “Жикс” ХХК-иас 14.1 сая төгрөгийн сүү, иргэн Б.Энэбишээс 180.3 сая төгрөгийн мах, “Маргад марал мичид” ХХК-иас 19.5 сая төгрөгийн хүнсний ногоо, “Үлэмж органик” ХХК-иас 33.1 сая төгрөгийн шингэн сүү, иргэн Ө.Болдбаатараас 57.3 сая төгрөгийн мах, “Мөнгөн гүүр” ХХК-иас 26.6 сая төгрөгийн цагаан хэрэглэл ор дэрний даавуу, алчуур, иргэн Г.Энхжаргалаас фитнессийн тоног төхөөрөмжүүд, 2014 оны эхний хагас жилд иргэн Б.Энэбишээс 37.9 сая төгрөгийн мах, “Маргад марал мичид” ХХК-иас 21.9 сая төгрөгийн хүнсний ногоо, “Үлэмж органик” ХХК-иас 24.9 сая төгрөгийн сүү, зөөхий, иргэн О.Болдбаатараас 13.9 сая төгрөгийн махыг тус тус худалдан авахдаа тендерийн хууль тогтоомжийг зөрчин харьцуулалтын арга хэрэглэлгүй шууд худалдан авсан байна.
Түүнчлэн гэрээ дүгнэсэн актгүйгээр зарим төрлийн зардлуудыг санхүүжүүлсэн зөрчил илэрлээ. ТУЗ-ийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны 7/01 дугаар тогтоолд “хуулийн зөвлөх үйлчилгээ авах шаардлагатай байгаа нөхцөл байдалтай танилцаад шинэчлэгдэн батлагдсан бүтэц, орон тоондоо нийцүүлэн хуулийн зөвлөх үйлчилгээ авч ажиллахыг гүйцэтгэх захиралд даалгасан”-ы дагуу 2014 оны 03 дугаар сарын 10-нд “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмтэй №20140310 тоот “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээг байгуулж ажилласан байна. Гэвч хууль зүйн туслалцаа нь тодорхой үр дүнд хүрээгүй, ажлын тайлан байхгүй атал санхүүжилт олгожээ.
ТУЗ-ийн гишүүдэд Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж олгосон урамшуулал, гадаад албан томилолтын болон сургалтын зардлууд болох нийт 20,522.5 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоож, зөрчлөө арилгах албан шаардлагыг “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн дарга О.Сэмэрт хүргүүлэв.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ