Мөрөнчүүд онцгой байдалд зэхэж байна

Чанарын шаардлага хангаагүй бүтээн байгуулалтаас болж Хөвсгөлчүүд онцгой байдал зарлахад хүрээд байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дулааны станц ажиллаж эхлээгүйгээс болж эмнэлэг, сургууль, цэцэрлэгт хүндрэлтэй байдал үүсч эхэллээ.
Тухайлбал, эмнэлгүүдийн хувьд тасгийн хэм стандарт хэмжээнээс бага байгаа нь эмчлүүлэгчдийн биеийн байдалд сөргөөр нөлөөлж, өвчлөл газар авч байгаа зэрэг асуудлууд тулгараад байна. Ялангуяа төрөх тасгийн өрөөний хэм бага байгаа нь эх, нярайд бусад төрлийн өвчин авах өндөр эрсдэл бий болжээ.
Иймд тус аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар энэ сарын 18-ны өдрийгхүртэл эмнэлэг, боловсролын байгууллагуудад боломжоороо нэмэлт халаалт тавихыг үүрэг болголоо. Гэвч хэрэв энэ хугацаанд Дулааны станц хэвийн ажиллаж эхлэхгүй бол нутгийн ард түмэн урьдын адил уурын зуухаа ашиглахаас аргагүй болох юм. Тэдгээр зуухыг онцгой байдал үүссэн үед ашиглахаар нөөцөд үлдээх шийдвэрийг аймгийн зүгээс гаргасан байв. Ийнхүү Мөрөнчүүд онцгой байдалд зэхэж эхэлжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ