Наро Банчэн хувилгааны хойд дүр Завхан аймгаас тодорчээ

Завхан аймгийн Отгон сумын харьяат Баянмөнхийн Цэдэн-Ишийг Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Наро Банчэн хувилгааны долдугаар хойд дүрээр энэ сарын 9-ний билэгт сайн өдөр Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Данзанжамц өргөмжиллөө. Цэдэн-Иш нь энэ жил төгсөх курсын оюутан бөгөөд багаасаа номонд элэгсэг хүүхэд байжээ.
Далай лам Наро Банчэн хувилгааны долдугаар дүрийн даахийг нь үргээн гэлэн сахил хүртээж, номын Данзанлхүндүв хэмээн номын нэр хайрлалаа. Наро Банчэн Хувилгааны долдугаар дүрээр тодрохоосоо өмнө эрдэм чадал нь онцгой тодрон ялгарч, олон түмэнд хувилгаан хэмээн хүндлэгдсээр иржээ.
Шинжлэх ухааны эрдэм боловсрол эзэмшиж байгааг Далай лам сайшаан урамшуулж, сургуулиа амжилттай дүүргэхийг ерөөн, үргэлжлүүлэн бурханы номд шамдах хэрэгтэйг онцгойлоод эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд агуу их үйлсийг бүтээгээрэй гэж захилаа.
Наро Банчэн хувилгааны зургадугаар дүр Жүгдэрнамжил лагшин гэрэлт биеэ хураахаасаа өмнө "Би дараа төрөлдөө Отгонтэнгэр хайрхандаа голоо өгсөөд төрнө" гэж ерөөл тавьсныг нутгийн зон олон ярьдагчлан Наро Банчэн хувилгааны долдугаар дүр Отгонтэнгэр хайрханы өвөрт төржээ. Наро Банчэн хувилгаан өмнө нь Энэтхэг Төвд улсад есөн удаа, Монгол оронд зургаан удаа хувилан төрж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ