Хүүгээ заазуурдсан эцэгт одоогоор 5-8 жилийн ял төлөвлөжээ

Энэ сарын 10-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн 46 настай Д таван настай хүүгээ заазуурдаж бэртээсэн хэрэг гарсан. Одоогоор хүүгийн биеийн бие хүндхэн Цэргийн госпиталийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Харин хүүгээ заазуурдсан аавыг цагдан саатуулаад байгаа билээ. Түүнчлэн тус эцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Тус зүйл ангид бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Энэ талаар хэргийг шалгаж буй Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албаны эх сурвалжаас тодруулахад “Хэргийг дөнгөж шалгаж эхлээд байна. Одоогоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар хэрэг үүсгэсэн. Мөрдөн байцаалтын явцад зүйл анги өөрчлөх, нэмэгдэх асуудал гарч байна. Мөн сэжигтэн Д-г цагдан хорьсон. Хэрэг шийдэгттэл суллахгүй” гэлээ.

Хүүгээ заазуурдсан эцэг сүүлийн нэг жилийн хугацаанд таван удаа шүүхээр орж, 10 удаа эрүүлжүүлэгдэж байжээ. Захиргааны арга хэмжээ авч, хоригдож байх хугацаанд ар гэрийнхэн нь гомдолгүй хэмээн батлан даалтад гаргаад авдаг байсан аж.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ