Монгол хүнийг мөнхөд дагах алдар

Нүд тайлах гэж би нутгаасаа гарсан юм
Нүүдлийн шувуу шиг газар сайгүй тэнэсэн юм гээд Харанга хамтлагийн сайхан дуу байдаг. Үүн шиг хэдэн арван мянган монголчууд хүний нутаг, гүний хошуунд амьдрал үзэх, амжилт гаргах, арай илүүг олох гэж харийг зорьдог. Гадаадад амьдардаг хүн болгон нутагтаа эрдэм өвөртлөөд, чадвартай болоод очно, эх орныхоо төлөө ажиллана гэсэн чин эрмэлзэл тээж яваагаа дурддаг.
Тэдний нэг болж хүний нутагт монгол хүний тэсвэр тэвчээр, зориг, оюун ухааныг гаргаж яваа хүмүүсийг танилцуулж байна.
Ганбатын Баярсайхан
Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүхээ зохиож эхлэхдээ л бид морьтойгоо эхэлсэн. Бидний түүхийн аль ч хуудсанд молор эрдэнээр жишигдсэн морь байсаар байгаа.
Багаасаа мал маллаж, морь унаж өссөн Ганбатын Баярсайхан хэмээх залуу Герман улсад морин спортоор чамгүй амжилт гаргаж байна.
Түүний өвөө Борнуур сумандаа алдартай морь цоллодог, уядаг хүн байж. Өвөөгийнхөө морь хайрлах, морьтой харьцах ухааныг өвлөж авсан тэрээр морин тойруулгын уралдаанд гурван жил уралдахад 80 удаагийн түрүүг авсан гайхам амжилт үзүүлжээ.
Зөвхөн Германд ч гэлтгүй Нидерланд, Саудын Араб зэрэг улсуудад тэмцээнд оролцон өөрийн болон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа нэгэн.
Тэрээр анх Герман улсад 1997 онд гэр бүлийн хамт очиж суурьшсан бөгөөд гурван жил мэргэжлийн морь унаачийн сургуульд суран төгсчээ.
Монгол хүн морьтойгоо хаана ч алзахгүйг харийн оронд гайхуулж яваа залуу бол Г.Баярсайхан.
Ч.Ганболд, Г.Дарьсүрэн
Хайрын хатууг хүлээлтээс мэдэрдэг гэдэг. Тэд Монголд байхдаа нэг сургуулийн эчнээ ангийн оюутнууд байлаа. Хоёулаа л зургийн авьяастай.
Охин зурах авьяасаараа Хятад улсын тэтгэлэг хүртэж хол газрыг зорихоор болсон ба залуу ч ээжийн хамт Америк орныг зорих шийдвэр гаргаж, хос хоёр интернэт төдийлөн хөгжөөгүй үед биенээсээ холджээ.
Хол зай, урт хугацаа хос зүрхийг салгаж чадаагүйг харуулснаараа тэд бахархдаг. Тэднийг Ч.Ганболд, Г.Дарьсүрэн гэдэг.
Одоо АНУ-ын Вашингтон хотод амьдардаг.
Тэд хамтдаа амьдрах болсноосоо хойш график дизайнер чиглэлээр Америкт суралцаж бөгөөд оюутнуудын дунд зохиогддог томоохон тэмцээнүүдийн түрүүг ээлжлэн хүртдэг, сургуульдаа монгол хүн оюуны ямар өндөр чадвартайг гайхуулсан залуус гэнэ.
Тэд хамтдаа ажилладаг бөгөөд нөхөр нь NSA Technology компанийн онлайн маркетингийг хариуцдаг, бол гэргий Г.Дарьсүрэнгийн хувьд тус компанийн график дизайнер, номын загвар дээр ажилладаг. Ч.Ганболдын хувьд эхнэрийнхээ зургийг зурах дуртай бөгөөд хамгийн их санаж байсан үедээ зурсан зургаараа шагнал хүртэж байжээ.



Эрдэнэбатын Саран
Монголын сонгодог урлагийн хэмжүүр болсон хүмүүсийн нэг бол Эрдэнэбатын Саран. Одоо ч зарим улс орнууд манайхыг 13-р зууны үеэр төсөөлөн, мал маллаж, нүүдлийн амьдралтай, зэрлэг догшин хүмүүс гэсэн төсөөлөлтэй байдаг.
Энэ ойлголтыг эвдэж, Монголын сонгодог урлагийг дэлхийн тайзнаа гаргаж буй энэ эмэгтэй анх 2004 онд Америкт очиж байжээ. Зүгээр л уралдаанд оролцохоор ирсэн тэрээр өөрийн авьяасаа өөр оронд сорьж үзэхээр шийдсэн байна.
Ингээд тэрээр өрсөлдөөн ихтэй, чадвар шаардсан, сонгодог урлагийн их амьдралд хөл тавьжээ. Эхний шалгуулсан компанидаа л тэнцэж, цаашдаа мэргэжлээ дээшлүүлж, чадвварлаг дуучин болохоор шийдэн сурахаар болжээ.
Суралцах хугацаандаа дэлхийн дуурийн дуучдын мөрөөдөл болсонКарнеги Холлд дуулах санал тавьжээ. Энд дуулсан гэдэг намтар нь өөрөө нэр хүндийн хэмжүүр болж, цаашид амжилттай дуулах гараа нь болдог аж.
Хоёр сарын дараа тус театраас хариу ирсэн бөгөөд сарын дараа өөрийн биеэр очиж гэрээ хийжээ. Тэрээр энэ талаар“Энэ тоглолтыг Саран гэхээсээ илүү "Монгол дуучин" гэдгээр хүлээж авна гэж бэлдсэн тул ихээхэн чадвар шаардсан тоглолт болсон” хэмээжээ.
Суралцах хугацаандаа “Захирлын нэрэмжит шагнал", "Оны шилдэг тоглолт" бас "Мэргэжилдээ амжилт гаргасаны төлөө" гэсэн 3 шагналыг хүртэж байсан түүний хамгийн анхны бие даасан тоглолт2007 оны 11 сард Мэриланд Холл-д тавигдаж байжээ. Монголын сонгодог урлаг хаана ч гологдохгүй гэдгийг ам бардам хэлэх тэрээр өөрийнхөө бие даасан болон хамтарсан 150 орчим тоглолтод оролцжээ.
Авьяас, ухаан, чадлаараа гайхуулсан монголчууд. Хаана ч газардахгүй, харийн нутагт эх орныхоо нэрийг мандуулна гэсэн эдгээр иргэдийн зүрх сэтгэлд ижилхэн цохилох ганцхан хүсэл бий. Хийж байгаа зүйлдээ хэнийг ч дагуулахгүй амжилт гаргаж, эх орондоо амар тайван, сэтгэл тэнүүн, өөрсдийн мэдсэн сурснаа гаргаж, хэрэгтэй хүн болно гэсэн чин хүсэл. Монгол хүн хаа ч явсан түүнийг Монгол гэдэг нэр мөнхөд дагалдаж байдаг.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ