Зарим жолооч нар холын замд ядрах, сульдах үед мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг

"Өмнөговь аймаг дахь Шивээ хүрэн, Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт хийдэг жолооч нар холын замд ядрах, физиологийн хувьд сульдах үед мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг. Энэ өөрчлөлтүүдээ даван туулахын тулд богино хугацаанд сэргээх үйлчилгээтэй “мими” хэмээх мансууруулах төрлийн бодисыг БНХАУ-ын иргэн нийт 2 кг орчим хэмжээтэйг автомашиндаа нуун Монгол Улсын хилээр гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн" тухай гаалийн мэргэжилтэн хэлжээ.
Оюутан сурагчид гадаад орон руу суралцахаар явахдаа болон амралтаар ирэхдээ хүний дайвар авдаг нь хар тамхины хэрэгтэн, хохирогч болох тохиолдол их байдаг. Энэ мэт хилээр хар тамхи нэвтрүүлэх үйлдлүүд мөн гарсаар байна.
Тиймээс ГЕГ-аас энэ талын хяналт шалгалтыг нэмэгдүүлэн, 4 аргаар илрүүлж байгаа юм. Тухайлбал, гар ажиллагаагаар сургасан эрэлч нохойнуудыг Монгол Улсын гаалийн 44 хилийн боомтод ашиглаж байна. Эрэлч нохойнууд зорчигчийн биед болон биеэс тусдаа байгаа хууль бус ачааг газар дээр нь илрүүлэх чадвартай. Мөн хамгийн өргөн тархацтай арван төрлийн мансууруулах бодисыг газар дээр нь шалгаж үзэхэд гурван секундын дотор дохио өгч байвал нарийвчилсан үзлэг шалгалт явуулна.
Мөн ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн өндөр мэдрэмж бүхий бусад эд зүйлийг илрүүлэх чадвартай рентген бараа шалгагч суурилуулсан. Зорчигч энэ шалгагчаар гараад өнгөрөхөд хориотой эд зүйлийг газар дээр нь илрүүлэх боломжтой хэмээн албаны хүн мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ