Баялаг судлаачид 40 жилийн ойгоо тэмдэглэж байна

Монгол эх орныхоо байгалийн үнэт баялаг ой мод, ургамлын нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр судалгаа шинжилгээний нөр их ажилд оюуны хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж ирсэн үе үеийн ургамал судлаачид, ой зүйчдийн баяр энэ өдөр тохиож байна.

Баялаг судлаачдын баярын хурлыг нээж БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга үг хэлэв. Тэрбээр, “... УИХ-аас 2012 онд шинэчлэн баталсан “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ургамалын тухай”, “Ойн тухай”, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулиуд болон “Биологийн төрөл зүйлийн конвенци”, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенци”, ”Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци” зэрэг олон улсын конвенцийг хэрэгжүүлэх ажилд тус хүрээлэнгийн хамт олон багагүй үүрэг гүйцэтгэж ирсэн. “Монголын ургамлын улаан данс” (2012), “Монгол Улсын улаан ном” (2014) -ыг шинэчлэн бичиж, хэвлүүлэхэд биологич эрдэмтэн, судлаачид ихээхэн идэвх, санаачлагатай ажилласныг онцлон тэмдэглэж байна.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн,судлаачид “Монгол орны биологийн олон янз байдлын стратеги”, “Монгол орны биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр” (2013-2014)-ийн ургамлын хэсэг, “Монгол орны ойн бодлогын стратеги”-ийн шинжлэх ухааны үндэслэл зэргийг боловсруулж, “Хан Хэнтийн Дархан газрын нэн ховор, ховор ургамлын судалгаа” төсөл хэрэгжүүлэн “Монгол орны ойн таксацын лавлах” (2012), “Монгол орны ойн нэвтэрхий толь“ (2014), “Монгол орны ашигт ургамлын тархац-нөөцийн атлас” (2014), “Монгол орны ой, хээрийн түймрийн аюулын зураг” (2014) зэрэг олон бүтээл туурвиж, олон тооны стандарт, зөвлөмж боловсруулсан байна.Энэ оны 6 дугаар сард УИХ баталсан “Ногоон хөгжлийн бодлого”, “Монголын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод тусгагдсан устах аюулд орж байгаа ургамлыг хамгаалах, тарималжуулах, тархац нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээгээр өргөжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан ажиллахыг Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачид та бүхэнд уриалж байна. Та бүхэнд дахин баяр хүргэе! Эрдэм шинжилгээ судалгааны ажилд тань амжилт хүсье! гэв.

Өнгөрсөн 40 жилийн хугацаанд ШУА-ийн Ботаникийнхүрээлэнгийн эрдэмтэн судлаачид эх орныхоо ургамал, ургамлан нөмрөгийг судалж, тэдгээрийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлын шинжлэх ухааны үндсийг боловсруулж, улмаар дэлхийн шинжлэх ухаанд олон зүйл ургамал нээж,ой, ургамлын тархалтын шинэ зүй тогтолыг илрүүлж, ургамлын усны горим, анатоми, физиологийн онцлог, төрөл бүрийн ашигт ургамлын нөөцийг тогтоож, нэн ховор,ховор ургамлыг ботаникийн цэцэрлэгт нутагшуулж, тарималжуулах талаар үр дүнтэй ажиллаж, эрдэм шинжилгээний олон арван ном, бүтээлийг туурвисан байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ