“Намайг хүргэж өгөөч” хэмээн дээрэм хийдэг охиныг найзуудтай нь саатууллаа

Бүлэглэн дээрэм хийдэг нэг охин, гурван залууг цагдаагийн байгууллага илрүүллээ. Тодруулбал, БГД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт 04.00 цагийн орчим гудамжинд иргэн М-ийг үл таних охин гэртээ хүргэж өгч туслаач хэмээн гуйжээ. Гэтэл гурван залуу араас нь ирж “...Миний найз охиныг дагуулж юу хийж яваа юм” гэх зэргээр айлган сүрдүүлж зодон гар утас, эд зүйлсийг дээрэмдэн авсан байна.

Хэргийг илрүүлэх ажлыг хэсгийг дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар байгуулж ажилласнаар 17-21 насны гурван залуу, нэг охин хамтарч хувийн автомашиныг жолоочтой нь хөлсөлж, шөнийн цагаар ганц нэгээрээ явж буй эрэгтэй хүнийг онцлон ажиглаж байгаад 17 настай эмэгтэй Т гэгчийг түүн рүү/хохирогч руу/ явуулж “...ганцаараа явахаас айж байна гэрт дөхүүлж өгөөч” гэж гуйлган зөвшөөрүүлж, харанхуй гудамж талбайд аваачиж араас нь очиж дээрэмддэг байсан болохыг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтаар гэмт этгээдүүд 30 гаруй иргэдийг дээрэмдсэн болохыг тогтоож, энэ хэрэгт хувийн автомашинаа хөлсөлж байсан гэх гурван жолоочийг хамтран оролцогчоор шалгаж байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ