Эсэргүү гишүүн

Ааяа доктор бас дахин өгүүлрүүн: 37 онд эсэргүүний хэрэг гэж байсан даа. За тэрэн шиг чинь айхтар юм гарсан мэт жиргээчид шуугилдаж байна.
"Хэцүү ангийнхан"-ы нэг болох Ж.Батзандан хүү намрын эхэн сард тойргийнхоо сонгогчидтой уулзаж санаа бодлыг нь сонсжээ.
Тэр үеэр иргэд, сонгогчид түүнд Засгийн газартай тооцоо бодох даалгавар өгсөн байна.
Иргэний хөдөлгөөн өрнүүлж явсан улстөрч иргэдийнхээ даалгаврыг намынхаа эрх ашгаас дээгүүрт тавихаа мэдэлгүй л яахав.
Ингээд эгзгий нь тааруулж байгаад Ерөнхий сайдыг огцруулах бичигт сөрөг хүчнийхний хамт гарын үсэг зураад гол дүрд нь цохиж явах нь тэр.
Тойргийнхных нь бах ганц ханаж байгаа өдөр гэмээр. Харин нэг намын нөхөддөө тэр урьд байгаагүйгээрээ ад үзэгдэж, "Түгжил", "Популист", "Эсэргүүн" гэх мэтээр элдвээр цоллогдох нь тодорхой юм. Тэр ч байтугай Н.Алтанхуяг ба сайд, дарга нарыг дэмжигч, жиргээчдийн нүд мөн ч их хорссон байгааг харж болно.
Угтаа Ардчилсан нам дотор ч Н.Алтанхуягийг унаасай гэж ханцуйндаа залбирч явдаг нөхөд бишгүй л бий. Тэд яахав "дотор Түгжил"-үүд хойно барсын тулааныг уулын оройгоос ажих дотор санаа агуулж яваа. Гэхдээ Засгийн газрын ажилд үргэлж сэтгэл дундуур явдаг, улс эх орныхоо төлөө санаа зовнидог гишүүд одоо л муу нуухаар сайн илчил хэмээн ил гарах хэрэгтэй дээ.
Сонгогчдын эрх ашиг илүү юу, намын эрх ашиг илүү юу гэдэгт эргэлзэх ч үгүй хариулдаг улстөрч хөвүүн энэ "Хэцүү ангийнхан"-д ядаж ганц байгаа нь яамай.
Ааяа доктор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ