Гар утсыг ломбардууд авахаа больжээ

Иргэд гар утсаа алдсан тохиолдол маш ихээр гарч байгаа бөгөөд зөвхөн 9 дүгээр сарынбайдлаар цагдаагийн газарт нийт 173 иргэн гар утсаа алдсан гэсэн мэдээллийг өгчээ. Цагдаагийн газарт мэдэгдсэн нь 173 боловч утсаа алдсан ч цагдаад хэлдэггүй хүмүүс хэр олон байгаа нь сонин.
Тухайлбал, СБД-ийн оршин суугч Д.Баттулга олон удаа утсаа алдаж байсан. Харин хаяж байгаагүй гэнэ. Тэрээр “Автобусанд 3 удаа, гадуур явж байгаад 2 утсаа алдсан. Нэг удаа л цагдаад тэмдэглүүлж байсан. Тэгсэн ч олддоггүй юм байна лээ. Угаасаа утасгүй байх маш хүндрэлтэй байдаг болохоор дахиад л цалингаа хүлээж байгаад хамаг мөнгөөрөө шахуу утас авна шүү дээ” хэмээн харамсан ярьж байв.
Нийслэлийн Цагдаагийн газрын халаасны хулгайтай тэмцэх албаныхан 09 дүгээр сард хамгийн их хулгайлагдсан зүйлийн дотор гар утас тэргүүлж буйг онцлосон юм. Нийслэлийн хэмжээнд халаасны хулгайч 600 гаруй байдаг гэсэн бүртгэл байдаг бөгөөд гар утас хулгайлсан этгээдийг ердөө 5000-20,000 төгрөгөөр л торгоод явуулчихдаг нь дэндүү зөөлдөөд байгаа юм. Хулгайч нар "олзны" утсаа гар утас борлуулах цэг, ченжүүдэд хямдхан буюу лангууны ханшаас 30.000 төгрөгөөр хямдруулан зардаг ажээ. Харин сүүлийн үед ломбардууд гар утсыг барьцаанд авахаа больжээ. Учир нь тэдгээр нь"үхмэл бараа" болдог гэдгийг барьцаалан зээл олгогчид ярьж байлаа.
Хамгийн гол нь иргэд өөрсдөө маш өндөр сонор сэрэмжтэй байх нь чухал. Нийтийн унаанд явж байхдаа "Халаасны хулгайчаас болгоомжил" гэсэн бичгийг хэн ч анзаардаггүй бололтой. Тэгвэл бас нэгэн сонирхолтой мэдээлэл дуулгая. Хэрэв нийтийн тээврийн тасалбар түгээгч "Урагшаа, хойшоо яваад өгөөрэй" гэж хэлбэл цаад утгаараа халаасны хулгайчаас болгоомжлоорой гэсэн үг гэнэ. Санаж явахад илүүдэхгүй шүү.
Г.Ганчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ