Монгол эрдэмтэд Өндөр гэгээний гайхамшгийг олж чадлаа

Шог зураач С.Цогтбаяр чихэнд чимэгтэй сайхан мэдээллийг олон түгээж эхэлжээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулан Өндөр Гэгээн Занабазарын урласан олон бурхад зэрэг гайхалтай олдворуудыг олсон тухай мэдээлсэн юм.
С.Цогтбаяр "Улс төр увайгүй муухайгаар буцалж улс төрчдийн бохир заваанд эгдүүцсэн эгэл хүмүүсийн дургүйцэл сэдэрч олон нийтийн сүлжээ хар бараанаар эргэлдэж буй энэ стресс нийрэвтэй өдрүүдийн хорыг тайлахаар онцгой содон нэг сайхан мэдээ чих мялааж мэлмий баясгасныг та нартайгаа хуваалцья. Өндөр Гэгээн хэмээн түмэндээ шүтэгдсэн Анхдугаар Богд Гэгээн Занабазарын 20 наснаасаа 50 нас хүртлээ 30 гаруй жил амьдарч бүтээл номоо туурьвисан Хэнтийн хааны өвөрт орших ард олны нэрлэдгээр "Сарьдаг"-ийн хийдээс гайхамшигтай олдворууд олдлоо.
Энэ хийд нь 1654 оноос баригдаж эхэлсэн бөгөөд номлол бүтээлийн шашин гарах орон, номын их хийд, хүрээ “Рэво Гэжай Ганданшадүвлин” буюу “Дэлгэр Өлзийт уулын төгс баясгалант номнол бүтээлийн сүм” хэмээн нэрлэгдэж байсан юм байна. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Соёл, спорт, аялал, жуулчлалын яам, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулсан авран хамгаалах малтлага судалгааны ажлыг энэ оны 8-9 сард хийж гүйцэтгэсний үр дүнд тус хийдийн тууриас урьд өмнө илэрч мэдэгдэж байгаагүй нарийн хийцтэй шавар бурхад,хэдэн метрээр хэмжигдэх том бурхны хийц хэсгүүд,иж бүрэн зэвсэгтэй хуяг дуулга зэрэг сонирхолтой эд өлгийн зүйл олдворууд олноороо гарсан байна. Өндөр Гэгээний хийц дэг сургуулийнх гэдэг нь хэнд ч танигдахаар ийм үнэ цэнэтэй олдворууд урьд нь огт олдож байгааүй бөгөөд одоо шинжлэх ухаанчаар сэргээн засварлаж судлаж сурвалжлах нөр их ажил эрдэмтэн мэргэжилтэнгүүдийн маань өмнө үлдлээ" хэмээн бичжээ.
Хийдийн тухай зураач тайлбарлахдаа "Энэ хийд нь Өндөр Гэгээний амьдралын ид залуу 30 гаран жилийн нөр их хөдөлмөр, ур ухаан шингэсэн агуу их бүтээн байгуулалт байсан. Рибо Гэжай Ганданшадүвлин буюу Сарьдагийн хийд нь уран барилга, хот байгуулалт талаасаа Монголчуудын XVII дугаар зуунд үүсгэн байгуулсан хот суурин, хүрээ хийдийн барилга архитектурын нэгэн сонирхолтой шийдэл бүхий дурсгалд зүй ёсоор тооцогдох нь гарцаагүй" хэмээжээ.
Саяхандаа л гадагшаа гарч бусдын өмчлөлд багтан хүний нүд баясган байгаа түүх соёл, урлагийн гайхамшигтай бүтээлүүдээ харан харамсаж хоолой зангируулан шүлсээ залгиж, хармаан дахь гараа зангидаж явсан бол мэргэжилдээ дуртай эх оронч залуу эрдэмтэд маань ийм гайхамшигтай зүйлийг олж нээн эмтэрсэн сэтгэлийн маань нэгээхэн хэсгийг ч эвлүүлж буцааж оршоолоо. Хэдэн зуугаараа эгнэн байх эдгээр гайхамшигтай бурхадыг харахад өөрийнхөө өв соёлоор бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрмөөр. Одоо л хамаг анхаарлаа бас тодорхой хөрөнгө төсвөө хадгалах хамгаалах сэргээн засахад хандуулах хэрэгтэй санагдана.
Тэдгээр залуу эрдэмтдийн тухай зураачийн үгийг дор сийрүүлье.
"Зуны халуунд халж намрын хүйтэнд нь хөрч, улаан гараараа ухаж байж улсынхаа эрдэнэсийн санг чимж нэмсэн баатар эрчүүд маань энэ байна даа. Доктор Чулуун тэргүүтэй ШУА-ийн ТҮҮХИЙН ХҮРЭЭЛЭН-гийн эдгээр шижигнэсэн залуусдаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлж хэдэн мянганаар тооцогдох түүхийн баялаг өв сангийн үүц баялагаа эрж олон судлаж шинжлэн дэлгэж үр хойчдоо үлдээх буянт үйлсэд нь амжилт хүсье.
Өчнөөн олон жил олигтой судалгаа хийгдээгүй хүрэхэд бэрх тайгийн тагтад очиж олон шөнийн нойроо хугаслаж цаг наргүй зүтгэсэн эдгээр залуусынхаа чин сэтгэл уйгагүй хөдөлмөрийг нь магтан сайшааж урамшуулахын оронд халуун ханзанд тарвалзан хэвтсэн хэн нэгэн эрх мэдэлтний шоу болгоод өнгөрчих вий дээ гэж л өмнөөс нь санаа зовж өмөлзөж сууна даа муу ах нь" хэмээн тэрээр догдлон өгүүлжээ.





















СЭТГЭГДЭЛ БИЧИХ