"Нэг хүн"-тэй Монгол

Хөхөө өвлийн дүн хүйтэн хаяанд ирсэн энэ мөчид төрийн ажил гацаж, түмний ядуурал ихэссээр. Монгол яг л нэг хүний улс мэт. Эрх мэдлийг гартаа атгасан хэн нэгэн түүнээсээ салахгүйг хичээн зууралдаж, ов мэхийг уралдуулан элдвийг сэтгэх нь улс орныг ийм болгодог хөнөөлтэй ажгуу.
...Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан бол өчигдөр "Шударга ёс" эвслийн бүлэг Байнгын хороонд тав хоногийн завсарлагаар дахин хойшлуулж төрийн ажил үндсэндээ шат шатандаа нам гацлаа. Ерөнхийдөө сайд нарыг томилж Засгийг дахин эмхлэх гэхээс илүүтэй Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэрхэн газар авахуулалгүй Байнгын хороонд дарах вэ гэсэн хор л ийнхүү зуурагдаж байна.
Мөн сөрөг хүчний зүгээс ч сайдуудын асуудлаас түрүүнд Ерөнхий сайдынхаа асуудлыг түрүүлж хэлэлцэхийг шаардаад бүр ч Зэлтэрийн гацаа маягтай юм үүсэж орхив.
Дээр дурдсанчлан энэ бүхэн сандал ширээтэйгээ зууралдсан хэн нэгнээс л болж буй бөгөөд төрийн ажил дунд шатандаа саармагжиж, доод шатандаа "цусан хангамж"-гүй болж нам зогсож байна. Өнөөх хоёр гүрний төрийн тэргүүний айлчлалын үр дүн бүр ч байхгүй. Юугаа ч эхэлж амжилгүй ийнхүү улстөрчид мундраа хутгаж эхлэх нь тэр.
Эрх барьж байгаа Ардчилсан намын хувьд ард түмний итгэлийг шороотой хутгаж орхилоо. "Нэг хүн"-тэй учир намын хурал нь хуралддаггүй, дотооддоо ротаци, сонгууль байхгүй яг л хуучны хувьсгалт намын Сайд нарын зөвлөл гэдэг шиг л цөөн хэдэн дарга нарын нам болж хувирчээ. Ийм нам нэг л хүнийг өмөөрч хамгаалах нь ч аргагүй юмуу. Сөрөг хүчин нь ч нэг л хүнийг унагахын тулд төрийн ажлыг умартаж, бүхнээ зориулан ажиллах аж.
Улс орон нэг хүний хамааралтай болоод ирэхээр, хэвлэлүүд нь хүртэл нэг л хүний талаар ийнхүү ичээд эхлэхээр социалист нийгийн үеийн нэг хүнийг тахин шүтэх явдлаас арай өөр ч агаар нэгэн мэт. Нэг хүн л тахин шүтэгдээд, нэг хүн л үзэн ядагдаад байгаа мэт.
Тэгэхэд олон монголчууд ертөнцөөс ирж, буцаж, сурч боловсрох гэж, амьдрах гэж ядаж байдаг. Ийм засаг төртэй Монголыг Рио Тинто дарамтлах нь энүүхэнд мэт.
Х.Цахилгаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ