Ц.Баасандорж: Л.Гансүх амь насаа алдаж болзошгүй боллоо

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Төв аймгийн урьдчилсан хорих төвд саатуулагдаад гурван сар болж байна. Энэ хугацаанд батлан даалтад гарах хүсэлтээ хэд хэдэн өгч байсан ч гаргаагүй юм. Тиймээс хорих ангид хуурай өлсгөлөн зарлаад арав гаруй хонож, улмаар бие нь эрс мууджээ. Ингээд Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржтой ярилцлаа.
-Л.Гансүхийн биеийн байдал хэр байна. Өлсгөлөнгөө зогсоох болоогүй юу?
-Өлсгөлөн зарлах нь тухайн хүний өөрийн эрх. Мэдээж хуурай өлсгөлөн зарласан учраас биеийн байдал нь эрс муудсан. Хорих ангийн эмч нар үзээд, цус нь өтгөрч, бүлэгнэсэн, хоёр бөөр үрэвссэн, зүрхний хэм алдагдсан гэсэн дүгнэлт гаргасан. Иймээс хорих ангийн эмч нар яаралтай эмнэлгийн тусламж авах ёстой гэсэн боловч АТГ-ын байцаагч нар хариу өгөөгүй байна. Хуурай өлсгөлөнгөө зогсоохгүй бол бие нь улам муудаж, амь насаа алдаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
-Л.Гансүх цагдан хоригдоод хэр удаж байна. Ер нь хэрэг нь ямар шатандаа явна вэ?
-Долдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хорьсон. АТГ-аас Л.Гансүхийг дуудан хуурч аваачаад байцаагч нь орой 18.00 цагийн үед цагдан хорих захирамжаа үзүүлээд цагдан хорьсон байгаа юм. Гудамж талбайд чирж, зарим нэг УИХ-ын гишүүд, олон нийтийн өмнө чирж, гулдчиж, хүнлэг бус харьцаж авч явсан байна лээ.
-Л.Гансүхэд яг ямар зүйл ангиар хэрэг үүсгэсэн бэ?
-Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн 273.2, 150.3-т зааснаар буруутган шалгаж байгаа. Цагдан хорих хоёр үндэслэл байдаг. Мөрдөн байцаалтын явцад оргон зайлах, хэргийн мөрдөн байцаалтад саад болж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорьдог. Гэтэл яагаад миний үйлчлүүлэгчийг цагдан хорьсон нь ойлгомжгүй. Л.Гансүх оргон зайлаагүй. Ажлаа хийгээд л явж байсан. Хэргийн мөрдөн байцаалтад ч саад учруулсан үйлдэл байхгүй. Дуудсан үед нь АТГ-т очоод л явж байсан. Ийм байхад АТГ Л.Гансүхийг хорьчихлоо. Одоо хүнийг цагдан хорьдог байгууллага нь шүүх биш АТГ болсон байна. Мөн Л.Гансүхийг Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулсан нь цаанаа улстөрийн ямар асуудлыг илэрхийлж байгааг бид мэдэхгүй байна. Хуулийн дагуу оршин суугаа газрынх нь харьяа цагдан хорих төв буюу 461 дүгээр ангид саатуулах боломжтой байхад заавал Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулж байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож байна. Өмгөөлөгчдийн зүгээс энэ нь цаанаа олон учир шалтгаантай гэж харж байгаа.
-АТГ-аас Л.Гансүхийг Нүүрс хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан гээд байгаа шүү дээ?
-Нүүрс хөтөлбөр 200 мянган төгрөгөөр зарагдаад байгаа нүүрсийг 80 мянган төгрөгөөр зарах хөтөлбөр. Энэ хөтөлбөрт Л.Гансүх зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ хүн өөрөө шийдвэр гаргадаг субьект биш. Гарын үсэг зурдаг ч хүн биш. Гэтэл энэ хүнийг шалгаад байна гээд бод л доо.
-Өлсгөлөнгөө хэзээ зогсоох бол. Амь насаа алдах эрсдэлтэй байна?
-Тэр хүний л шийдэх хэрэг л дээ. Өөрийгөө гэм буруугүй. Үүнийг улстөрийн хэрэг гэж үзэж байгаа. Л.Гансүхийн хийж байгаа ажил нь юу байсан юм гэвэл ченжүүдийн дамалж зарж байгаа нүүрсийг Улаанбаатарын хэрэглэгчдэд 80 мянган төгрөгөөр зарсан. Нийслэлийнхээ иргэдийнхээ төлөө ажиллаж байхад нь ийнхүү шалгаж хорьж байгаад мэдээж гомдолтой байгаа. Энэ хэрэгт АТГ-ын байцаагч, хорих захирамж гаргасан шүүгч, өмгөөлөгчтэй уулзуулаагүй хорих ангийн дарга гээд бүгдийг нь шалгуулна. Хуулийн байгууллага аливаа асуудлыг улстөржүүлэхгүй шалгах учиртай.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ