Хархорины гүүрэн гарцыг зориулалтаар нь ашиглана

Хархорин захын хойд талын замын явган хүний гүүрэн гарцыг анх 1996 онд барьжээ. Өдгөө энэ гарцыг “Чингис Трейд” ХХК эзэмшиж байна.

Энэ байгууламж дотор “Хархорин” ресторан, хувцас захиалга, засвар, алт, мөнгөн эдлэлийн худалдаа, ломбард зэрэг 11 үйлчилгээний байгууллага байдаг.

НМХГ-аас 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус газарт шалгалт хийж зориулалтын бус байранд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг хангаж ажиллаагүй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Түүнчлэн явган зорчигч явах хонгилын өргөн нь 1 метр хүрэхгүй, зорчих зай хязгаарлагдмал гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Энэ нь барилгажилтын норм дүрэмд заасан явган хүний зорчих хэсэг 1,5 метрээс багагүй байх, саадтай тулсан хэсгийн өргөн 0,5 мм-ээс багагүй байх зэрэг заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Тиймээс ажлын хэсгийнхэн энэхүү байгууламжийг зориулалтынх нь дагуу ашиглах хүртэл энд үйл ажиллагаа явуулж байсан байгууллагуудыг түр хаажээ.

Мөн иргэдийн санал, гомдлын дагуу СХД-ийн удирдлагууд Хархорин захын удирдлагуудтай уулзаж, тус гүүрэн гарцыг шинэчлэн, засварлаж зориулалтын дагуу ашиглах асуудлыг судалж эхлэв. Ингэхдээ өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ачаа бараагаа зөөж байгаа иргэдэд зориулан гүүрэн гарцын 2 талд цахилгаан шат хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ