Хүүхдүүдийн хоол хүнсний чанар хангалтгүй байна

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд хордлого авч байна гэсэн мэдээлэл багагүй гарах боллоо. Сургуулийн үдийн цай хөтөлбөр энэ жил үргэлжлэн хэрэгжиж байгаа. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүүхдүүдэд өгч байгаа хоол хүнсний чанар, аюулгүй байдалд анхаарал хандуулж, сургууль, цэцэрлэгт хоол хүнсний нийлүүлэлт хийдэг улсын өмчит үйлдвэрийн газруудад хяналт, шалгалт хийжээ.
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хүмүүжиж байгаа 53 мянган хүүхдэд ердөө тавхан ОНӨҮ-ийн байгууллага хүнс нийлүүлдэг аж. Эдгээр байгууллагууд нь хүнсний бүтээгдэхүүнийг стандарт бус байранд хадгалдаг болох нь тогтоогдсон байна. Мөн агуулах, борлуулалтын машин зэрэг нь шаардлага хангаагүй байжээ.
Бас нэг эрсдэлтэй зүйл гэвэл хүнсний бүтээгдэхүүний түгээлтийн асуудал. Учир нь нэг байгууллагаас түгээлтэд 1-2 машин явдаг тул олон газруудаар явах, хол зам туулах зэргээс үүдэн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл болдог гэнэ.
Ийнхүү шалгалтаар “Үдийн цай” хөтөлбөр шаардлагатай илчлэг тэжээлийг агуулж чаддаггүй, цэцэрлэгт хүнс нийлүүлдэг аж ахуй нэгжүүдийн хувьд ихээхэн эрсдэл дагуулахаар нөхцөл байдалтай гэсэн дүгнэлт гарчээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ