Онцгой сонин хачны тухай ховор ном

Ч.Бархас гуай өвөрмөц сонин цуглуулгатай хүн, Тэрээр насан туршдаа сонин хэвлэл дээр гарсан содон сонин мэдээ цуглуулж хадгалж ирсэн нь өнөөдөр тэрэг тэрэг ном болохоор болжээ.
Олсон мэдээ мэдээллээ бусадтай хуваалцаж, өрөөлд түгээхийн төлөө санаа тавьдаг хүнийг мэдлэг түгээгч буюу соён гэгээрүүлэгч гэдэг. Тэгвэл Ч.Бархас гуай тийм хүн юм. Тэрээр цуврал ном болгон хэвлэлд бэлтгээд байгаагийн эхний ботиос цухас сонирхуулж байна. Энэ ном “Жир хүмүүс”, “Гоц чадвартан” гэсэн хоёр бүлэг, нийтдээ 278 мэдээ зангиас бүтжээ. Ч.Бархас гуай энэ номыг эмхтгэн гаргаснаар Монголын цуглуулагчдын өнөр бүлийн эрх тэгш гишүүн, өвөрмөц содон цуглуулгатай нэгэн гэдгээ батлаж байна.
Оюунтунгалаг
Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд бригадын хоньчин Шандан гуайнх Оюунтунгалаг гэдэг ганц охинтой. Оюунтунгалаг 6 настайдаа бичиг сурчээ. Түүнд хэн ч цагаан толгой заасангүй. Гагцхүү ном, сонин уншиж байгаа хүний дэргэдээс салдаггүй байж. Тэгээд нэг өдөр аав ээж хоёртоо,
- Би та хоёрт үүнийг уншиж өгөх үү? гэж гэнэ. Аав ээж хоёр нь тоглоом гэж ойлгоод,
- За тэг! гэж. Гэтэл Оюунтунгалаг аймгийн сонинд гарсан Өвөрхангай аймгийн намын хорооны бүгд хурлын материалаас аажуухан уншаад өгчээ. Энэ бол 1971 оны эхээр болсон хэрэг.
Одоо 7 настай энэ охин танил биш сэдвийг бол минутад 47 үгийн хурдтай уншиж, хоёрдугаар ангийн тоог алдаагүй бодож чадаж байна. Ямар ч сэдвийг уншаад утгыг ярьж чаддаг төдийгүй “Хэнз хурга”, “Хоёр ишиг” зэрэг шүлгийг бүтнээр нь цээжилчихсэн уран уншиж байна. Өнгөрсөн оны XI сард Улаанбаатар хотноо хийсэн нэгэн семинарийн үеэр сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтэн, доцент Б.Бор их сургуулийн оюутнаас сонссон гэж Оюунтунгалагыг сураглаж байсан дуулдсан.
Т.Бямбадорж “Хөдөлмөр”, 1973.01.13, №016.
Бяцхан охины авьяас
Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургуулийн багш Гомбо-Очирын охин Батцэцэг энэ хавар 3 нас 4 сар хүрч буй боловч гоц сайхан авьяасаараа хавийн олны хайрыг хүлээх болжээ. Бяцхан охины багш,
- Ямар ч дууг нэг удаа л аялаад өгвөл сурчихдаг юм гэж билээ. Тэр “Ленин багш”, “Аав ээждээ”, “Нар наашаа, сүүдэр цаашаа”, “Маамуу нааш ир”, “Ёлочка”, “Всегда будет солнце” гэх мэт 30-аад дуу сурч, гитар, мандолин хөгжим тоглож байна. Мөн бүжиглэх, зураг зурах авьяастай юм. Батцэцэгийн аав Гомбо-Очиртой уулзахад,
- Охиноо хөгжим бүжгийн сургуульд оруулах юмсан гэж байна. Сумын уран сайханчдын тоглолтод урьж энэ бяцхан охиныг дуулуулахад заавал 3-аас дээш удаа дахиулдаг ажээ.
Ж.Буяндалай “Хөдөлмөр”, 1973.5.01, №049.
Олон хэл мэддэг эрдэмтэн
Италийн хэл судлалын эрдэмтэн Карно Тольвын дэлхийн 50 орны шинжлэх ухааны академийн гишүүн бөгөөд 35 улс, үндэстний хэлийг төрөлх хэл шигээ мэддэг ажээ. 120 хэлээр чөлөөтэй ярьж чаддаг байна.
Тэр 12 настай байхдаа 7 улсын хэл мэддэг байсан ажээ. Сүүлийн гурван жилд 8 улсын хэлийг бараг л төрөлх хэл шиг сурчээ. Одоо энэ хүн Ромын их сургуульд 25 хэлээр хичээл зааж байна.
Д.Дэмчигдорж “Хөдөлмөр”, 1973.5.19, №56.
Зургаан настай хөгжимчин
Испанийн төгөлдөр хуурч Леонардо Аконч Европын хэд хэдэн орноор саяхан аялан тоглолт хийжээ. Тэр,
- Надад Бах, Моцарт, Шопен нар миний тоглодог тоглоом шиг ойр дотно санагддаг юм гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Авьяаслаг энэ хөгжимчин зургаахан настай юм.
“Хөдөлмөр”, 1975.7.24, №082.
Хурдан бодох арга
Синьхуа хорооны мэдээгээр Хятадын Шань си мужийн бага сургуулийн хоёрдугаар ангид сурдаг долоон настай Чжао Ин, найман настай Чжао Цзяо Ли, найман настай Чень Цзи /хоёр охин, нэгхүү/ гурван хүүхэд анх Бээжин хотод хүрэлцэн ирэхэд хүмүүс тэднийг онцгой чадвартай гэдэгт итгэхгүй байлаа. Тэнд цугларсан мэргэжилтэн, сурвалжлагчид тэд нараар 729225x238, 94832:761, 3908527481+7983664726 зэрэг тоог бодуулахад ямар нэг бодох хэрэгсэл хэрэглэлгүйгээр хэдхэн хормын дотор хариуг хэлж, зарим хүн 3968, 6845, 5432, 2436, 3729, 9238, 8573, 4936, 6359 гэх зэрэг есөн тооны сүүлчийн тоог бараг хэлж дуусаагүй байхад тэдгээрийн нийлбэрийг 51486 гэж зөв хариулав.
Хүмүүсийг цочоом хурдан бодох авьяас чадвар нь хоёр жил тусгайлан суралцсаны эцэст олсон амжилт бөгөөд харин ямар нэгэн онцгой өвөрмөц чадвар бүрдсэн явдал биш юм. Тэдний багш нь Шань си мужийн Пин лү шяны улс төрийн зөвлөлгөөний орлогч дарга, дэд эрдэмтэн Чен Цзы Цзин олон жилийн судалгаагаар түүхийн баялаг “хурдан бодох аргын” шилдэг талыг хураан авч “ам, хараа, бийрээр гурван бодох аргыг уялдуулсан аргыг” дүгнэн гаргасан ажээ.
Хятадын “Вен хүй бао” сониноос М.Оюунцэцэг орчуулав. “Залуучуудын үнэн”, 1989.6.18, №067.
Хамгийн хамгийн...
- Хамгийн урт романыг Францын зохиолч Жюль Ромэн бичжээ. Түүний “Сайн санаат хүмүүс” хэмээх роман 100 сая үгтэй бөгөөд 1932-оос 1946 оны хооронд 5 мянган хуудас бүхий 27 боть болон хэвлэгджээ.
- ӨАБНУ-ын зохиолч Капмин Линдсей /1903-1973/ амьдралынхаа хугацаанд 904 роман хэвлүүлжээ. Түүнтэй одоогоор 71 нууц нэрийн дор 816 романаа хэвлүүлээд байгаа АНУ-ын зохиолч Лоран Пэн зуузай холбох ажээ.
- Дэлхийн хамгийн залуу зохиолч бол Дороти Стрейт хэмээх америк охин бөгөөд түүний 4 настайдаа бичсэн “Энх цаг ирсэн нь” хэмээх ном 1964 онд 6 настайд нь Нью-Йоркад хэвлэгджээ.
- Дэлхийн хамгийн ахмад зохиолч нь английн Элмс Поллок /1868-1971/ байжээ. Түүний “Залуу насны минь хөрөг” хэмээх ном 102 нас 8 сартай байхад нь хэвлэгджээ.
“Залуучуудын үнэн”, 1989.7.30, №084.
Толгойндоо “тооцоолууртай”
Югославын тооны мэргэжилтэн В.Зубрич нэг зуун оронтой тооноос 37 зэргийн язгуурыг 2 минут 17 секундийн дотор гаргажээ. Зубрич телевизээр өөрийнхөө чадварыг үзүүлэхдээ гурав, дөрвөн оронтой тоог үржүүлэх нь тун хялбар хэрэг гэж хэлжээ.
“Үнэн”, 1989.10.12, №044.
Авьяас
Хятадын зураач охин 14 настай Ван Яньигийн үзэсгэлэнг саяхан АНУ-д нээв. Охин 4 настай байхдаа бүтээсэн бүтээлийн үзэсгэлэн анх Шанхайд нээгджээ. Тэр цагаас хойш түүний бүтээлийн үзэсгэлэнг Бээжин, Гонконг, Япон, Өрнөд Герман, Их Британид үзүүлж байв. Зураач охины авьяас билгийг уран зураг сонирхогчид, мэргэжилтнүүд үнэхээр биширч байна.
“Үнэн”, 1989.11.12, №274.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ