Gee: Намайг хашаандаа очиж банхараа хоолло гэсэн
Бидний мэддэгээр бол тэр олонд танигдсан хүчтэй реппэр. Түүний дуунууд энэ нийгэмд “хайрцаглагдсан” олон хүнд өөр өнцгийг мэдрэх суурь болж байгааг үгүйсгэх аргагүй. Гэтэл тэр өөрийнхөө хийж байгаа юмыг уран бүтээл гэж үздэггүй. Зүгээр л “зүйл” гэж байна лээ. Ерээд оны шуурганд хүчтэй шавхуурдуулсан айлын хүү хэмээн өөрийгөө хэлсэн Gee сүүлийн таван жил огт архи амсаагүй гэсэн. Түүнийг шүтдэг залуус түүнээс үлгэр авна гэдэгт эргэлзэхгүй байна. Gee-тэй ярилцсан юм.

- Та өөрийгөө мэдрэмтгий, хор шартай хүн гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл энэ цаг мөчид юуг их мэдэрч, эмзэглэж, хор шар чинь буцалж сууна вэ?
- Хор шар буцлаад байх ч юу байх вэ. Хүн болгонд асуудал гэж байдаг. Зарим хүн эх орондоо санаа нь зовж яваа бол, зарим нь өрх гэртээ гэх мэт, янз бүр. Мөнх-Эрдэнэгэдэг хүний өнөөдрийн тулгамдсан асуудал бол яг одоо халаасанд юу ч алга. Санхүүгийн асуудал жоохон хүнд байна/инээв/. Санхүүгийн асуудлаа шийдээгүй байж Монголынхоо эдийн засгийн асуудалд санаа зовоод хор шар буцлаад суух нь ч хаашаа юм бэ дээ. Өнөөдөр бол хүнд байна. Гэхдээ би мөнгийг үнэлдэггүй. Мөнгө бол байж л байдаг, бас байхгүй байж л байдаг эд.
-Ингэхэд ямар нэгэн цол тэмдэг байгаа юу. СТА ч юм уу?
- Байхгүй ээ. Өөрийнхөө хийдэг юмыг соёлыг тэргүүлэхээр гэж боддоггүй. Урлаг ч гэж хэлдэггүй. Уран бүтээл гэж бүр ярьдаггүй.
-Тэгээд юу юм?
- Зүгээр л зүйл.Миний хийдэг зүйлДээшлүүлвэл дуу л гэж хэлнэ. Амжилттай хийсэн зүйлээ би “За, энэ бол дуу болсон” л гэж хэлдэг.
-Тийм дуу хэд байна?
“Миний нутгийг надад үлдээ”, “Юуны төлөө”, “Хужаа”. Мөн хамгийн сүүлд цацсан “Уу” гэх мэт олон дуу байгаа.
-Дууныхаа үгийг өөрөө зохиодог уу?
- Үгийг нь Ш.Гүрбазар ахаас, аяыг нь Л.Балхжав ахаас авдаг /инээв). За за тоглосон юм аа. Юу гэж дээ. Реп гэдэг чинь бусад урлагаас ялгарах юм нь үгээ өөрөө бичдэг. Реппэр болгон гудамжны зохиолчид, гудамжны яруу найрагчид, гудамжны сэтгэгчид, гудамжны уран илтгэгчид байдаг. Түүгээрээ онцлогтой. Хип хопд тэр хүн зөвхөн өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг онцлогтой болохоор үгээ заавал өөрөө зохионо.
-Өөрт чинь яруу найрагчийн авьяас байдаг л байх л даа?
-Яруу найраг гэдэг чинь агуу зүйл. Яруу найргийг уншиж байхад миний бичиж байгаа үг хажууд нь нус шүү дээ. Би тэрийгээ яруу найраг гээд дөвийлгөөд яваад байх нь онигоо.
-“Авьяас бол агуу их эмзэглэл юм” гэжүг байдаг. Өөрийн чинь дууны үгийг харж байхад эмзэглэсэн сэтгэлээс гарсан үгс зөндөө байх юм?
-Би чинь хүн учраас баярлана, бахархана, уйлна, уярна, дуулна. Яг л бусдын адил. Яг л тэр мэдрэмжүүдээ дуундаа буулгаж дуулна. Мэдээж хэрэг миний бүх дуу эмзэглэсэн дуу биш. Баярласан, бахдсан дуунууд бас зөндөө бий.
-Хип хоп урлагт хайр дурлал дуулдаггүй гэдэг. Хайр дурлалыг дуулж байсан уу?
-Репурлагт хайр дурлалдуулдаггүй бол биш л дээ. Харин ч мангар их хайр дурлалын дуутай. Тэгээд маньдаа сэдэв үлдээгээгүй байхгүй юу. Хайрын дуу дуулъя гэхээр сэдэв үлдсэнгүй. Бүр “Бурхан мартсан хайр” гэдэг дуу хүртэл байдаг юм билээ ш дээ. Бурхныг хүртэл мартуулаад дуулчихсан байхаар чинь надад зай завсар үлдсэнгүй л дээ. Нөгөө талаас нь харах юм бол миний бүх дуу хайрын дуу. Бүсгүй хүнийг хайрласан дуу байхгүй ч гэсэн ирээдүйд эх болох, үр хойчоо үлдээх эмэгтэйчүүдийг хайрласан дуу надад байна. Мөн эх орон, эрчүүдээ хайрласан дуу байна. Ингээд бодохоор миний бүх дуу хайрын дуу.
- Өөрийнхөө бичсэн хоёр мөрт афоризмаасаа хэлээч?
- “Хүн чанар хүндлэлийг хөрөнгө мөнгөнөөс илүүд үзэгч Хүсэл мөрөөдлийнхөө төлөө үхэр тэргээр туулай гүйцэгч” гэж твиттер дээрээ бичиж байсан юм байна.
-Gee одоо хэдэн настай вэ?
-31 настай.
-Хэдэн хүүхэдтэй вэ?
-Ганц охинтой. Олон хүүхэдтэй болмоор л байна.
-Охид хүүхнүүдэд нэлээн өндөр шалгуур тавина биз?
-Тийм өндөр шалгуур тавьдаггүй ээ. Эхнэр бид хоёр аягүй амархан л нийлсэн. Хараад байсан чинь жижигхэн биетэй охин хөөрхөн санагдаад, эгдүү хүргээд л. Тэгээд “Чи надад таалагдаж байна. Би ч гэсэн чамд таалагдаж байгаа. Хоёулаа уулзвал яасан юм” гэсэн чинь манай хүн “Тэгье” гэсэн. Уулзаад л байсан чинь бид хоёр гоё таарч тохироод л. Урьд нь ингэж таарч тохироод байдаггүй байсан л даа. Тэгээд би “Хоёулаа ер нь таарч тохироод байна шүү дээ. Хамт амьдарвал яадаг юм” гэсэн чинь манай хүн “Тэгье” л гэсэн. Дараа нь амьдраад л байсан, амьдраад л байсан. Би чинь хүнтэй удаан байгаад ирэхээрээ түр тар хийдэг байсан, тэгтэл ерөөсөө тэгээгүй.
- Эхнэрээ танилцуулаач?
- Манай хүнийг Минжирмаа гэдэг. Судлаач мэргэжилтэй. Хараат бус судалгааны хүрээлэнд ажилладаг.
- Таны хүзүүн дэх чимэг зүүлтийг чинь юу гэж ойлгох вэ? Бөөгийнх шиг харагдаад байх юм...
- Чимэг зүүлт биш, сахиус. Үүнийг харчихаад хүмүүс намайг бөө гэж ойлгоод байдаг. Би бөө биш. Зүгээр л энэ зүйл намайг хамгаалдаг гэдэгт би итгэдэг.
- Бөөгийн шүтлэгтэй юу?
- Шашин шүтдэг гэхээсээ илүү дээрээс тэнгэр харж, доороос газар түшнэ гэдэг үнэнд итгэдэг. Байгальтайгаа илүү ойрхон гэж ойлгож болно.
- Яг өнөөдөр юу хийж байна?
- Jeans brand гээд хувцасны брэнд гаргасан. Эхний гаргасан загварууд маш амжилттай зарагдаад дууслаа. Хорвоо дэлхий уужим ч 24-хэн цагтай юм чинь, мань ганцаархнаа амждаггүй. Дээрээс нь тоглолтоо хийх гээд бэлтгэлдээ орчихсон байж байна даа.
- Загварыг нь өөрөө зохион бүтээдэг үү?
- Мэдээж, би загвар зохион бүтээгч биш болохоор загвар зохион бүтээгчидтэй ярилцана. Санаагаа хэлээд, тэд нар хөрсөн дээр буулгана.
- Хэд дэх тоглолтоо хийх гэж байна?
- Хоёр дахь тоглолт. 2010 оноос хойш анхныхаа бие даасан тоглолтоо хийх гэж байна. Ер нь 15 юмуу 16 онд хийе гэж бодож байсан ч хүмүүс тоглолтоо хийвэл яадаг юм бэ гэсэн хандлагатай байсан болохоор би ч гэсэн цаг нь болжээ гэж ойлгосон. Тоглолтоо хийснээс хойш хоёр цомог гаргачихлаа. Гэхдээ 2010 онд хийсэн тоглолтоосоо хоёр шатаар дээгүүр тоглолт хиймээр байгаа учраас эртнээс бэлтгэлдээ орсон.
-Ивээн тэтгэгч байна уу?
- Яг үнэнийг хэлэхэд одоохондоо алга. Мэр сэр ганц хоёр олддог. Царай муутай болохоор тэгдэг юм уу, яадаг юм. Бусад хүмүүсийг харахаар өөрийнх нь зурагнаас илүү ивээн тэтгэгчид нь их харагддаг шүү дээ /инээв/.
- Үзэгч зрителиэ мэдэрч, “галзуурсан” мэт дуулахдаа та жаргал мэдэрдэг үү?
-Зритель гоё байхад би их дуртай. Гэхдээ намайг дэмждэггүй хүмүүсийн урд дуулсан тохиолдол ч надад бий. Тийм хүмүүсийн дунд орохоор нэг л хүйтэн орчинд орчихсон юм шиг санагддаг. Би өөр тайзнаа гараад шууд “галзуурдаг” юм биш ээ. Хүмүүс өөрсдөө намайг дэмжиж, “галзууруулдаг”. Тэгээд л би дунд нь ороод галзуураад явчихдаг. Футболк хувцсаа тайлаад шидэж байхдаа өөрийгөө анзаардаггүй. Тэр хүмүүс надад халуун дулаан энергийг өгч, тэр энергиэр би цэнэглэгдээд нисдэг шиг байгаа юм. Тайзан дээр би зрительтэйгээ аль болох ойрхон байж, нүүрний хувирал, нүдийг нь харж, ойрхноос харилцмаар санагддаг. Зрителиэсээ хол бүх тайзнаас би бууж, тэдэн рүү ойртон очдог. Тэднийг харж, тэдэнд хүрч, тэднийг мэдэрмээр санагддаг.
-Ингэхэд бага нас чинь хаана, яаж өнгөрөв?
-Бага нас бусад хүүхдүүдийн адил шороо идэж л өнгөрсөн. Манайх 90-ээд оны салхинд эвгүй шавхуурдуулсан айл л даа. Өвөрхангай, Улаанхуаран, Толгойт, Шархад, Нэгдүгээр хороолол гээд олон газрын шороо идсэн.
-Аав, ээж чинь наймаа хийдэг байсан юм уу?
-Манай аав насаараа цэргийн байгууллагад ажилласан. Тэтгэвэртээ гараад удалгүй талийгаач болсон.Ээж минь нийтийн тээвэрт ажиллаж байгаад, одоо сургуулийн жижүүр хийж байна. Нэг ч өдрийг гэртээ ерөөсөө зүгээр сууж өнгөрөөж чаддаггүй хүн дээ.
-Тэр салхи яаж салхилсан хэрэг вэ? Нууц биш бол яриач...
- Өөрийгөө хагас өнчин гэж боддог.Өсвөр насандаа байх үед эхэлсэн асуудал. Тэр үед гэр бүл салалт их байсан. Тэр шуурганд би өртсөн. Айл айлын хаяа дамжаад л явдаг байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ