Н.Энхбаяр БНСУ руу буцлаа


МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр 18.00 цагийн үед БНСУ руу буцлаа. Тэрээр БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа юм. Энэ сарын эхээр эх орондоо ирсэн тэрээр хөдөө агаар амьсгалж, ааруул идэхээр ирсэн гэж мэдээлж байсан ч түүний зорилго өөр байсан.
Тодруулбал, Н.Энхбаяр АН-тай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулж, сайд нарынхаа нэрсийг өгчихөөд ийнхүү буцаж байна. Дахин хэзээ буцаж ирэх нь тодорхойгүй ч эмчилгээгээ дуустал БНСУ-д байна гэж байна. Түүнийг БНСУ руу буцаж байгаа тухай УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар өөрсдийн фэйсбүүк хуудаснаа “Шударга ёс” эвслийн дарга Н.Энхбаяр БНСУ руу буцлаа. Эмчилгээгээ дуусгаад эх орондоо хурдан ирэхийг хүсч байна” гэжээ.
Н.Энхбаяр БНСУ руу буцахынхаа өмнө намынхаа гишүүдтэй “MI QUEEN COFFEE”-д үдэлтийн зоог барьсан юм. Намын гишүүдтэйгээ хийсэн үдэлтийн зоогонд УИХ-ын гишүүн Л.Цог, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Баасанхүү нар байлцсангүй.
Ямар учир шалтгаанаар тэд байгаагүй нь тодорхойгүй ч Н.Энхбаяр ирсэн даруйдаа Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг загнаж, намаас хөөх тухай асуудал яригдсан. Харин Л.Цогийн тухайд Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нар 2024 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулсаны дараа Л.Цог Н.Алтанхуягийн огцруулах бичигт гарын үсгээ зурж, Н.Энхбаяраас зэмлэл хүртсэн юм.
Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ