Аймаар Мобиком, аюултай мессеж

Өнгөрсөн өдрүүдэд улс төрийн хэт хийрхлээс илүүтэй тагнуул туршуулын "сэжиг" бүхий элдэв үйлдлүүдээр нийгмийг дэлдийлгэсэн дуулианаар дүүрэн өнгөрөв. Олны өмнө төдийлөн ил гараад байдаггүй Тагнуулынхан хоёр ч удаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийв.

Эхний удаад нь Ардчилсан намыг хөл толгойгүй бужигнуулсан "урт шар дээлтэй хүн"-тэй хийсэн гэрээнийх нь хуулбар гээч хуурамч зүйлийг сөрөг хүчнийхэн үйлдсэн болох талаар мэдэгдээд авсан бол удаад нь А.Бакей гишүүний түрүүлж шуугиулсан мессежний дуулианаар мэдэгдэл хийхээс аргагүйд хүрэв.

Хаа байсан холын Хар тэнгисийн цаадах Румын болон Газрын дундад тэнгисийн жижигхэн арал улс Мальтаас манай гишүүдийн утасны дугаарыг "хакердаж" чадсан тэдгээр шуугиан дэгдээгчдийг хэн болохыг тэд удахгүй мэдээлэх бизээ.

Үндэсний тэргүүлэгч оператор гэгдэх Мобиком группын захирлууд яаран сандран мэдэгдэл хийж буруугүй болохоо зарласан нь олны дунд тэднийг шүүмжлэх хөдөлгөөнийг эх захгүй өрнүүлэв. Арга ч үгүй биз. Гадны элдэв нөлөөлөл, хууль бус үйлдлээс хамгаалах чадамжгүй болохоо тэд харуулсан юм чинь.

Олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартуудаар баталгаажсан, Герман улсын ISO байгууллагын шалгалтаар дахин баталгаажсан хамгийн найдвартай мэдээлэл технологийн төхөөрөмжөөр тоноглогдсон гэх мөртлөө хэрэглэгчийнхээ утаснаас өөр зорилгоор sms илгээж байгааг яаж ч чаддаггүй гэж бодохоор олон мянган хэрэглэгчдийн аюулгүй байдал Мобикомын хувьд нойлын цаас болохыг бид мэдэж авлаа.

Өнөөх шинэ жил, цагаан сар, наадмаар иргэдэд ирдэг томчуудын мессежийг чухамдаа Румын, Мальтаас явуулаад байдаг хэрэг үү гэх цагаахан гайхашралыг ч зарим нэг нь дагуулсан. Тэр ч яахав гол нь гишүүдийн алдарт 9911-ийг ийм хямдхан эзэмдэж байгаа юм чинь энгийн дугаартай жирийн иргэдийг бол хүссэнээрээ ашиглаж хохироож болох нь гэсэн айдас Мобикомынхон төрүүллээ.

Тэд энэ тухайгаа хэрэглэгчдээсээ огт уучлал хүссэнгүй. Гүйцэтгэх захирал Дэвид Холидэй “Энэ үйл явдал нь манай компани дээр хадгалагдаж буй хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд халдсан, задруулсан, ил болгосон асуудал биш. Хэн нэгний нэр барьж хулгай хийсэнтэй адилхан хэрэг” гэсэн. Энэ үгээрээ Мобиком аюулгүй байдлаа хангаж чадаагүйгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа харуулсан юм.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар энэ талаар мэдэгдэл хийхдээ “Зөвхөн УИХ-ын гишүүний биш жирийн иргэний утасны дугаарыг ашиглаад ийм асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Асуудал хариуцсан хууль хяналтын байгууллагууд нь хуулийн дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулж энэ асуудлыг шалгаж тогтооно. Мобикомоос мэдэгдэл гаргасан байсан. Гэхдээ аль ч үүрэн телефоны компаниуд өөрийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гадны нэг байгууллагаас ийм үйлдэл хийсэн байна гэж мэдэгдэхээс илүү тухайн хэрэглэгчийн захидал харилцааны хувийн нууцыг хамгаалах үүрэгтэй. Ийм асуудал үүссэн нь хууль тогтоох байгууллагад халдаж байгаа төдийгүй Үндэсний аюулгүй байдалд халдаж байгаа хэрэг” гэсэн юм.

Өнөөдрөөс эхлэн бид мессежний дуулианыг хэн гэгч этгээд үйлдсэн болох тухай мэдээ мэдээллийг шуурхай эрэн сурвалжилж уншигчдадаа хүргэх болно.

Ер нь энэ долоо хоногт бүр ч их халуухан долоо хоног болж уншигчдын маань чихийг дэлдийлгэх тухай эх сурвалжууд мэдээлсээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ