Ихрүүд байртай боллоо

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А900 тоот “Орон сууц хүлээлгэн өгөх” тухай захирамжийн дагуу өнөөдөр найман ихэр үрс болон тэдний эцэг, эхэд 3 өрөө байрны түлхүүр, гэрчилгээг гардуулах үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.
СБД-ийн 11 дүгээр хороонд аавынхаа хашаанд оршин суудаг Д.Энхтөр, Ц.Ундрах нар нь дөрвөн удаагийн төрөлтөөр ихэрлэж өдгөө зургаан охин, хоёр хүүтэй өнөр өтгөн айл юм. Нөхөр Д.Энхтөр нь Спортын төв ордонд ажилладаг.
Харин эхнэр Ц.Ундрах нь ЭХЭМҮТ-д сувилагч ажилтай. Тэд төсвийн байгууллагад 21-25 жил ажиллажээ. Тэдний тухай анх олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзэж, дуулсан СБД-ийн 7-р хороонд оршин суугч, ахмад дайчин У.Доржпалам хэмээх 94 настай өвгөн буурай нийслэлийн удирдлагуудад хэл өгч, тэдэнд туслах санаачлагыг гаргажээ.
Өрхийн тэргүүн Д.Энхтөр нь энэ тухай анх мэдээгүй байсан бөгөөд хамгийн бага ихрүүдээ төрөөд нэг сар хүрэхэд нь нийслэлд өргөдөл гаргаж хандсан байна. Харин тэдний өмнөөс аль эрт өргөдөл ирсэн талаар сонсоод тэрээр ихэд гайхсан ажээ. Учир нь огт танихгүй хүн ийнхүү сайхан сэтгэлээр тусалсанд талархаж байгаагаа өнөөдөр ёслолын ажиллагааны үеэр ярьж байлаа. Түүнчлэн тэднийг дэмжиж байсан бүх ард түмэндээ чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийллээ.
Ихрүүдийг товч танилцуулбал, хамгийн том ихрүүд болох Э.Цэцэглэн, Э.Цэцлэн нар хоёулаа охин. Харин удаах ихэр Э.Соёнгэгээ нь охин, Э.Соёнсүлд нь хүү юм. Түүний дараагийн ихэр Э.Тэмүүгэн мөн охин, Э.Тэмүүжин нь хүү ажээ. Энэ жил мэндэлсэн бага ихрүүд нь хоёулаа охин бөгөөд одоо 4 сартай. Бага хоёр ихрээс бусад нь бүгд III сургуулийн 1, 3, 6-р ангийн сурагчид.
Ийнхүү “Батс Өргөө” ХХК-ийн “Чухаг хотхон”-ы гурван өрөө байрыг энэхүү 10 ам бүлтэй өнөр өтгөн залуу өрх гэр бүлд бэлэглэсэн нийслэлийн удирдлагуудад, тус компанийн хамт олон болон анх санаачилсан У.Доржпалам бууралдаа гүн талархал илэрхийлье. Монголын үрс маш олон болтугай.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ