Монголд католик сүсэгтний тоог өсгөх хэрэгтэй гэв

Дэлхий дахинаараа даяарших нэрийн дор манай оронд харийн улс төрөөс эхлээд урлаг соёл гээд бүх төрлийг чөлөөтэй туршиж, нэвтрүүлж байгаа. Үүний нэг болох шашны урсгалууд ч сайн, муугүй орж ирсээр. Христ, лал, муслим гэх мэтээр шинэ танилууд олширсоор. Христийн хамгийн том 3 урсгал нь Католик, Ортодокс, Протестант болно. Тэгвэл саяхан буюу энэ сарын 18-19-ний өдрүүдэд католик шашинтнууд “Дэлхийн даалгавар” ням гарагийн их мөргөлийг зохион байгуулжээ.

Венцеслао Падилла, Гилберт Сэйлс, Роберт Гоессенс нар 1992 онд Улаанбаатар хотод ирснээр Монгол дахь католик шашинтай гадаад хүмүүсийн хувьд таатай хэрэг болсон билээ. 2003 онд эцэг Падилла Монголын католикчдын хамба лам болсон ч хангалттай католик шашинтан байсангүй. Тиймээс хүн ардад тус хүргэж, хүүхэд багачууд, тэр дундаа гудамжны хүүхдүүдэд зориулсан суртал хөтөлбөрийг хэрэгжүүлэн хүрээгээ тэлэх ажлыг гүйцэтгэж иржээ.
Одоогоор цэцэрлэг, сургуулийн хүүхэд хамрагддаг төв, тусгай хүүхдүүдэд зориулсан хоёр төвтэй ба мөн насанд хүрэгчдэд зориулсан архидалт, бие махбодийн дарамттай тэмцэх хөтөлбөр, өндөр настай хүмүүсийг асрах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.
Монголд католик сүсэгтнүүдийн тоо өдгөө 1019 болсон хэдий ч энэ нь их удаашралтай үзүүлэлт хэмээн тус шашны монгол дахь хамба лам Падилла сэтгэл дундуур байна. Учир нь жилд 20 сүсэгтэн элсэж байгаа нь их тоо биш ажээ. Тэрээр энэ тухай их мөргөлийн үеэр онлайнаар холбогдон дэлхий дахинаа цохон тэмдэглээд цаашид энд хийх зүйл түүнд их байна гэв. Одоогоор манай улсад католик шашныг түгээх 80 байгууллага ажилладаг бөгөөд 4 сүм, 6 дэд сүм бий болжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ