Шүүх: Б.Билэгтийг ажилд нь буцаан томилох шийдвэр гараагүй

Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Бригадын генерал Б.Билэгтийг Засгийн газраас өнгөрөгч наймдугаар сард халах шийдвэр гаргасан. Тэгвэл Б.Билэгт өөрийг нь үндэслэлгүй халсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан. Улмаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 378 тоот тогтоолоор үүрэгт ажилд нь буцаан томилох тогтоолыг энэ сарын 16-нд гаргасан гэж сайтуудаар мэдээлжээ.
Харин энэ талаар Дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхээс тодруулахад “Б.Билэгтийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг өнөөдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд болох байсан ч хойшилсон. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн зарим материалыг нягталж танилцах хүсэлт гаргасны дагуу 15 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулсан” гэлээ.
Харин сайтуудаар цацагдаад буй ажилд нь буцаан томилох тогтоолын тухайд “Өмнө нь шүүхэд хэрэг ирсний дараа шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны 16049 дүгээр захирамж гарсан. Уг тогтоол шүүх хэргийг хянан шийдвэрлэх хүртэл Засгийн газрын тогтоолын зарим заалтыг хэрэгжүүлэхгүй байхыг Засгийн газарт үүрэг болгосон байдаг. Үүнийг эсэргүүцэж, Засгийн газар гомдол гаргасан ч шүүх хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзсэн. Ажилд буцаан тогтоох тухай асуудал бол одоо болтол шүүхээр хэлэлцэгдээгүй” гэлээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ