Д.Сосорбарам: Би Тэмүүжинг унагасан шиг унагана

Билэг танхай уран бүтээлч, Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг, МУГЖ, Төрийн соёрхолт Д.Сосорбарам өчигдөр 2-р суваг телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлгээр орж ёстой л цензургүй ярих шиг боллоо.

Тэрээр “Ардчилсан намыг авлигатай хөтлөлцүүлсэн хүн бол Н.Алтанхуяг, биднийг Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж өвлийн хүйтэнд даарч хөрж явахад, миний хажууд, бид нарын дунд байгаагүй л хүн шдээ манай намын дарга. Би Алтанхуягийг сайн физикч, сайн физикийн багш юмаа л гэж харж байсан.

Н.Алтанхуяг Авлигатай тэмцэх газрынхан ажил хийлгэхгүй байна гээд уурлаад байгаа чинь намайг авлига авах гэхээр авахуулахгүй байна гээд байгаатай ялгаа юу байна” хэмээн бухимдалтайгаар өгүүлж байлаа.

Мөн тэрээр Хуульзүйн сайдыг огцруулна гэдгээ ч ярьж байлаа. “Одоо хуулийн шинэчлэл гээд нэг юм яриад байгаа тэр Ерөнхий сайдыгаа дагаж шоронгоор гүйдэг Хуульзүйн сайд, эзэн Чингис хааны багын нэрийг авсан тэр нөхөр байна шдээ.

Би энэ хүүхдийг дэмжсэн шиг дэмжиж байсан учир одоо татаж унагасан шиг татаж унагана. Хуулийн шинэчлэл чинь хаана явнаа, хэрвээ Тэмүүжин хуулийн шинэчлэл хийхийг хүсэж байсан бол хамгийн түрүүнд энэ гудманд явж байгаа амьдрах гэж яваа иргэдийн бүрэн эрхийг хуульчлах, баялаг нь энүүгээр амь нь энүүгээр, сурах эрх нь энүүгээр тэдийн тэдэд заанаа гээд биднийг хамгаалах ёстой байхгүй юу” хэмээн Д.Сосорбарам ярьж байлаа.

С.Тэлмэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ