Нисдэг тэрэгний тэргүүлэгч үйлдвэр “Airbus helicopters” Монголыг сонирхлоо

Саяхан Бүгд Найрамдах Франц Улсын Батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэн-семинар Улаанбаатар хотноо болж, “Airbus Helicopters”, “Renault Trucks Defense”, “Nexter” зэрэг дэлхийд тэргүүлэгч найман компани оролцож, холбоо мэдээлэл, агаарын тээврийн хэрэгсэл, аюулгүй байдлын чиглэлээр явуулдаг үйл ажиллагааныхаа талаар сонирхуулсан юм.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн салбартаа хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг нь Батлан хамгаалах яамны харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудыг үр ашигтай ажиллуулах, нэгдмэл удирдлагаар хангах зорилго бүхий “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсан явдал юм.Тиймээс ч энэ чиглэлээр гадны өндөр хөгжилтэй орнуудын батлан хамгаалах аж үйлдвэрийн байгууллагуудын туршлага судлах, тэдэнтэй хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах, дотоодын энэ чиглэлийн байгууллага, боловсон хүчнийг чадваржуулах ажлыг тасралтгүй, шаргуу хийсээр байгаа билээ.
Энэ удаа Монголд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн заримтай уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.
“Airbus Helicopter” компаний Хойд Азийг хариуцсан маркетингийн захирал Эрик Тресмани:
-Манай компани нь иргэний болоод цэргийн нисдэг тэрэгний үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг. Үйлдвэрлэлийн 55 хувь нь иргэн, 45 хувь нь цэргийн чиглэлээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Дэлхийн хэмжээнд иргэний чиглэлийн нисдэг тэрэгний үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг нь манай компаний онцлог гэж болно. Харин цэргийн зориулалттай нисдэг тэрэгний үйлдвэрлэлээр дөрөвт жагсдаг. Манайд үйлдвэрлэдэг нисдэг тэрэгнүүдээс дэлхийд хамгийн том, хамгийн хөнгөн нисдэг тэрэг ч байдаг. Нийт 23 мянган ажилтантай бөгөөд дэлхийн 29 оронд төлөөлөгчийн газраа ажиллуулдаг.
Дэлхийн 149 оронд гурван мянган үйлчлүүлэгчтэй. Одоогоор дэлхийд манайд үйлдвэрлэгдсэн 12 мянган нисдэг тэрэг ашиглагдаж байна. Монгол орон жилээс жилд хөгжиж байгаагийн хэрээр цэргийн салбар, дэд бүтэц, зам харилцаа ч хөгжиж байгаа. Тиймээс хөгжлийн хурдцаа дагаад нисдэг тэрэг зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн учраас танай орныг зорин ирсэн. Нисдэг тэрэгхэрэгтэй байгаа газарт нь хүрч, хүргэж, зөвлөгөө өгч, хамтран ажиллах нь бидний зорилго юм.
“DCI” компаний Азийн бүсийг хариуцсан төлөөлөгч Флориан Касанова:
-Хоёр улсын батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны харилцаа эрчимтэйгээр нэмэгдэж байгаагийн тод илрэл нь энэ үйл явдал болж байна. Манай компани нь Франц Улсын БХЯ-ны харьяа байгууллага бөгөөд цэрэг, цагдаа, тусгай хүчнийхэнд зориулагдсан сургалтуудыг дотооддоо болоод түнш орнууддаа зохион байгуулдаг онцлогтой. Энэ ч утгаараа хоёр орны цэргийн алба хаагчид болоод мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцож, хамтран ажиллахад нээлттэй байна гэж ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ