"Лалын улс"-ын эсрэг Америкийн шинэ төлөвлөгөө

"Лалын улс"-ын толгойлогчийг хөнөөх нь хамгийн зөв гарц мөн болов уу. Энэ талаар CNN агентлагийн үндэсний аюулгүй байдлын шинжээч Роберт Баэр үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Сүүлийн өдрүүдэд "Лалын улс" хэмээх жихадист бүлэглэл Ойрхи Дорнод төдийгүй дэлхий нийтийг түгшээн терроризмын эсрэг тэмцэж буй улсуудын гол шүдний өвчин болоод байгаа. Ирак, Сирийн засгийн газар, Курдын зүгээс тэдэнтэй газраар шийдвэрлэх тулаануудыг хийсээр байгаа ч олигтой үр дүнд хүрэхгүй хэвээр байна.
АНУ тэргүүтэй эвслийн орнууд хэдийгээр агаарын цохилтыг өгсөөр байгаа ч Кобани зэрэг хотуудад байдал хүнд хэвээр. Нөхцөл байдал удаан хугацааны зууралдсан ширүүн байлдаанд хүргэхээр шинжтэй болсон, мөн илүү их газар нутаг, улс орныг хамарч мэдэх болсон тул Пентагон арай өөр зүйл төлөвлөсөн нь Абу Бакр аль Багдадыг хөнөөх явдал аж.
Абу Бакр аль Багдад нь "Лалын улс"-ын халиф хэмээгдэн энэхүү террорист бүлэглэлийн бүх удирдлагыг гартаа төвлөрүүлж байгаа этгээд юм. Түүнийг яг л Осама бин Ладеныг хөнөөсөн шигээ устгах тусгай ажиллагааг америкчууд төлөвлөөд эхэлжээ.
Хариуд нь Абу Бакр аль Багдадын төлөөний хүмүүс америкчуудыг "Хүрээд ир, бүгдийг чинь нохой мэт устгаад өгье, манай халиф хэнээс айж нуугдах хүн биш та нарыг хүлээж байя" гэсэн утгатай видео мэдэгдэл интернэтээр цацаад амжсан. Харин CNN агентлагийн үндэсний аюулгүй байдлын шинжээч Роберт Баэр энэ төлөвлөгөөг тийм ч сайн алхам биш хэмээжээ.
"Канадад лалын шашинтан этгээд олон нийтийн газарт хүндэт харуулыг буудан хөнөөсөн, америкт мөн л лалын шашныг талархан дэмжигч эр цагдаа руу сүх барин дайрсан гэх мэт халдлагууд дараалан гарах боллоо. Эдгээр халдлагууд ганц нэг хүний зохион байгуулалттай ажил байсан бол удахгүй лалын шашныг дэмжигч олон хүн жихадист үзэлтнүүдийн эгнээнд шилжих аюултай" гэжээ.
Түүний үзэж байгаагаар лалуудын эсрэг аль болох их зэвсгийн ам хандуулах тусам АНУ-д ажиллаж амьдарч байгаа энгийн лалын шашинт иргэд жихадистууд болж хувиран маргааш нь террорист алхам хийх эрсдэлтэй гэдгийг Вашингтоны засаг захиргаа урьдчилан тооцох хэрэгтэй гэнэ.
Ганц Баэр ч гэлтгүй олон нэртэй тоймчид, шинжээчид энэ талаар үгээ хэлж байгаа бөгөөд халдлага ихэссэн нь иргэдийн айдас хүйдсийг улам нэмэгдүүлж байна, ISIS-тэй өөр аргаар тэмцэх хэрэгтэй гэсэн санааг л илэрхийлсээр байгаа юм.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ