Э.Бат-Үүл: Н.Алтанхуяг, Н.Батбаяр хоёр яагаад залилан хийгээд байна вэ

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Боловсролын, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай, хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай зэрэг таван хуулийн төсөл, хоёр УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал гаргасан.

Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд тойрогтоо хэдий хэмжээний хөрөнгө оруулалт тусгасан талаар ажлын хэсгээс тодруулсан юм. Энэ үеэр орон нутагт эрх мэдэл шилжүүлэх асуудал гишүүдийн дунд маргаан дэгдээв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлэхдээ “Би өмнө нь УИХ-ын гишүүн байж төсөв батлалцаж байсан. Энэ бол төсөвт маш том зарчмын өөрчлөлтийг хууль батлаагүй байхад оруулж ирлээ шүү. Урьд нь ийм жишээ байгаагүй. Нийтийн тээврийн зардлыг хууль өөрчлөөгүй байхад суурь зардалд хянаад оруулаад ирсэн. Төсвийн суурь зардлыг хууль өөрчлөгдөөгүй байхад хотын зардлыг 500 гаруй тэрбум төгрөгөөр оруулж иржээ. Маш ноцтой нягтлан бүртгэлийн арга хэрэглэсэн.

Улс төрийн ноцтой байдлыг одоо хэлье. Хууль зөрчсөн төсвийг ИТХ-д өргөн барьж болохгүй. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид төсвөө баталж чадахгүй. Яагаад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр хоёр хууль зөрчөөд, буруу мэдээлэл өгөөд, залилан хийгээд байна вэ? Н.Батбаяр сайд Чингис бондын мөнгийг хувийн хөрөнгө шиг зарсан. Ч.Хүрэлбаатар гишүүний хэлж байгаа үнэн, нийгмийг аюултай зүйл рүү явуулж байна. Чингис бондыг хувийн үзэмжээрээ зарсан. Хууль зөрчсөн учраас нийслэл төсвөө баталж чадахгүй. Бид асуудлыг шүүхэд тавихаас өөр аргагүй. Шүүхээр хагалуулах хэрэгтэй” гэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ