Хүүгээ хөнөөсөн эх: Тэр хөнжлөөр толгойгоо хучсан байсан

2010 онд аутизм өвчнөөр өвчилсөн найман настай хүүгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Жижи Жордан хэмээх эмэгтэйн шүүх хурлн эцсийн дүгнэлт гарсан байна.
Тэрээр эмийн сангийн эрхлэгч байсан бөгөөд шүүхийн танхимд хүүгийнхээ хоолонд үхлийн бэлдмэл хийж хөнөөсөн тухайгаа ярьсан байна.
Их хэмжээний өвчин намдаагч болон бусад эмүүдийн оролцоотойгоор амиа алдсан Жүд Мирра хүүгийн сүүлчийн мөчүүд шүүхийн танхим дахь олныг цочирдуулжээ.
Мирра хүү аутизм өвчнөөсөө шалтгаалан үгийн баялаг муутай байсан ба ярих чадвар хомс тул блэкберри утсан дээр бичиж харилцдаг байсан аж.
Сүүлчийн мөчид хүүдээ хор өгөхийн өмнө тэд бие биедээ утсаараа дамжуулан сайхан амраарай баяртай хэмээн бичиж байсан гэнэ. Жижи Жордан ингэж мэдүүлэнгүүтээ шүүхийн танхимд цурхиран уйлж эхэлжээ.
Өмгөөлөгч Алан Бреннер түүнээс “Та хүүдээ ямар хэмжээний эм өгсөн бэ” хэмээн асуухад Жижи Жордан өвчин намдаагч эмнүүд болон нэлээд хэмжээний эмчийн бичгээр олгодог нойрсуулах эмний нэр болон хэмжээг нэгд нэгэнгүй дурдсан байна.
Жижи Жордан өвчтэй хүүгийнхээ даатгалын их хэмжээний мөнгийг аван Манхеттэний Пенинсула хэмээх зочид буудлын тансаг өрөөнд орсон байна.
Энд тэрээр аймшигт санаагаа хэрэгжүүлэхээр шийдсэн бөгөөд буудлын босгыг алхан орохдоо танд юу бодогдож байв гэсэн шүүгчийн асуултад “Би ямар ч ухаангүй болсон ч үүнээс дээр юу ч хийж чадахгүйгээ мэдэж байсан” гэжээ.
Жижи Жордан өмнө нь хоёр ч нөхрөөс салсан бөгөөд нэг нь түүнийг алахаар байнга заналхийлдэг, харин хүүгийн төрсөн эцэг хүүг байнга бэлгийн хүчирхийлэлд оруулдаг хэмээн тэр итгэлтэй өгүүлж байв. Тиймээс тэрээр өвчинд шаналсан хүүгээ хүчирхийлэл, доромжлолоос салгахын тулд ийм зам сонгон авсан гэнэ.
Эх, хүү хоёр зочид буудалд орон зургаан цаг болжээ. Зургаан цагийн дараа Жордан хүүдээ архи болон жүржийн шүүс хольж их хэмжээний эм нэмсэн бэлдмэлийг уулгажээ. 15 минутын дараа хүүгийн биед эм үйлчилж эхэлжээ.
Шүүгч алуурчин эхээс дараахь үгсийг асуув.
-Жүд эмийн үйлчлэлээр унтсан уу эсхүл комд орсон уу?
Жордан: “Би хэлж мэдэхгүй байна, Жүд хөнжлөөр толгойгоо хучсан байсан. Гэхдээ би түүнийг үхсэн гэж бодсон”
Өмгөөлөгч Алан Бреннер: Та бэлдмэлийг хүүд хүчээр уулгасан уу?
Жордан: Үгүй
Өмгөөлөгч Алан Бреннер: Таны бэлдсэн бэлдмэл хүүг тань төдийгүй таныг ч үхүүлэх хангалттай хүчтэй байсныг та мэдэж байсан уу?
Жордан: Тийм.
Өмгөөлөгчийн ингэж асуусны шалтгаан нь Жордан хүүдээ уулгасан хорыг дараа нь өөрөө уухаар төлөвлөж байжээ.
Гэвч Жордан хүүгээ тэврэн авч шалан дээр хэвтүүлээд хиймэл амьсгаа хийж, аврах оролдого хийн Жүд! Жүд! Жүд! хэмээн чангаар хашгирч байжээ.
Цагдаа нар ирэхэд хүү хэзээний амьсгал хураагаад удсан байжээ. Мөрдөн байцаагчид Жорданы хэрэг дээр ажиллаад их хэмжээний мөнгө болон гэр бүлийн сэтгэлзүйн дарамтаас шалтгаалан хүний аминд хүрснийг тогтоосон байна.
Харин түүний мэдүүлсэнчлэн Жүдийн эцгийг хүүд бэлгийн дарамт үзүүлж байсанд нь шүүхээс яллаж чадаагүй аж.
Хүүтэйгээ хамт амиа хорлох гэсэн эхийн оролдлого ийнхүү эмгэнэлт тавилангаар дуусаж Жүд Мирра мөнхөд нойрссон бол Жордан Жижи 25 жилийн ял авлаа.




Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ