Нэг жилд хоёр хямарсан Монгол улс

Засгийг дахин эмхлэх Ерөнхий сайдын төлөвлөгөөнөөс эхэлсэн бужигнаан хөл толгойгоо олохоо байж сүүлдээ Монголын улс төр хямралд орсныг батласаар байна.

Модон морин жил эхлэв үү үгүй юу эдийн засгийн хямралд гүн гүнзгий автсан Монгол улс хөхүүрийн ам цаашилж буй цагаар хөрш гүрнүүдийн удирдагчдын амласан зээл, тусламжийн ачаар сэргэх найдвар харагдаж байсан ч одоо улс төрийн хямрал хэмээх намагт гүнзгий шигдсэн нь батлагдлаа.

Нэг жилийн дотор улс төр, эдийн засгаа хамтад нь хямраасан монголчуудыг урд, хойд хөршийнхөн толгой сэгсрэн харж байгаа нь лавтай.

Ямар ч оронд олдошгүй ховор хоёр хөрштэй хэмээн онгирч цээжээ дэлдэж байсан биднийг Орос, Хятадтай дотно түншлэх бодлогод маань таагүй хандаж байсан Америк, Япон зэрэг орнууд бүр ч даажинтай харцаар ажиглаж байгаа биз.

Хаана байна өнөө хоёр гүрний зээл тусламж, томоохон төслүүд. Бүх л салбарт хэрэгжинэ гээд байсан...

Сандал ширээтэйгээ зууралдсан улстөрчдийн харгайгаар парламентад суудалтай намууд нь дараалан тав хоногийн завсарлага авсаар улс төрийн гацаанаас хэзээ хэрхэн гарах нь мэдэгдэх аргагүй боллоо. Энэ долоо хоногт Ардчилсан намын авсан тав хоногийн завсарлага дууссаны дараа ямар заваан аргаар төрийн ажлыг дахин гацаах нь улстөрчдийн мэргэн санаанд өдийд бууж л байгаа.

Улс төр, эдийн засгийн хямралд улс орнууд автдаг жишээ олон бий. Тэдгээрийн ихэнх нь асар их баялгийнхаа хараалд орж гадны томоохон гүрнүүдийн бодлогоор хямардаг. Аль эсхүл дотоодын улстөрчдийн хэт хагарал, тэдний буруу бодлогын золиос болж гүн гүнзгий хямралд унах нь бий.

Хамгийн сүүлийн жишээг дурдахад Грек, Испани, Албани гэх мэт орнууд байна. Тэдгээрийн жишээг ажиглавал яг л Монголд болж буй улс төрийн будлианаас үүдэлтэй санхүү эдийн засгийн хямрал улс орны амьдралыг доройтол руу чирсэн байх аж.

Евро бүсэд эдийн засгийн тогтворгүй байдал нь улс төрийн хямрал болон хувирснаар Европын холбооны 16 орны Засгийн газар солигджээ. Румын, Чехийн Засгийн газар итгэл үзүүлэх санал хураалтаар олны дэмжлэгийг авсангүй. Албанийн засгийн газар саяхан огцорсон. Ийнхүү эдийн засгийн хямралаас болж Европын орнуудын эрх баригчид солигдсоор байна.

Энэ жишээ Монголынхтой ч мөн агаар нэгэн хэдий ч үр дүн ямар байгааг харж байна. Манай оронд санхүүгийн хямрал хэчнээн гүнзгий тусаж байгаа ч улс төрийн хүрээнд ямар нэгэн хариуцлага хүлээх асуудал харин ч бүр төрийн албыг гацааж улс орны амьдралыг хэцүүдүүлж байна.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ