Нэг эмчийг таван сая төгрөгийн хахуулиар авдгийг бүгд мэднэ гэв

Энэ бол захын эмч, ажилчдынх нь хэлсэн үг юм. Олны үг ортой гэдэг биз. Хотын томхон эмнэлгийн дарга нарыг томилох асуудал хурцхан өрнөж байна. Тухайлбал, Нэгдүгээр эмнэлгийн даргаар өмнө нь эл албыг хашиж асан Б.Бямбадорж, Хоёрдугаар эмнэлгийн удирдлагаар Г.Баясгалан, Шастины нэрэмжит гуравдугаар клиникийн захирлаар Л.Баярцэцэг, ЭХЭМҮТ-ийн тэргүүнээр Ш.Энхтөр, НЭМХ-гийн “босс”-оор Н.Ганчимэг нарыг томилохоор нэрийг нь оруулжээ. Уг нь энэ асуудлыг цэвэр сонгон шалгаруулалтаар шийдэх ёстой байлаа. Сонгон шалгаруулалт маягийн “тохуурхал”уг нь хийсэн юм билээ. Гэтэл гэнэт эд нар гараад иржээ. Нэр дэвшигчид дотор олонд зартай, “но”-той нөхөр хоёр байна. Бусад нь хэн нэг өндөр албан тушаалтны чихээс бололтой. Сонгон шалгаруулалт нь анхнаасаа будилаантай болсныг эмнэлгийн ажилчид нь ч, ЭМЯ-ны мэргэжилтэн нь ч ярьж буй. Тэд гадарлалгүй яахав. Энгийн тендерээс эмчлэх эрхийн бичиг олгохдоо хүртэл луйвар оруулаад хэвшчихсэн газар тул энэ мэтийг завхруулах ёстой юу ч биш нь мэдээж. Дарга байснаа дарга болох гээд зүтгээд байгаа Б.Бямбадорж бөөрний сайн мэргэжилтэн мөн нь мөн. “Эрин” гэх хувийн эмнэлэгтэй. Тэр нь жилд нэг давхар нэмдэг. Удирдаж асан төв эмнэлэгт нь байдаггүй ховор аппарат, багаж, хэрэгсэл түүний хувийн эмнэлэг л байдаг гэх юм билээ. Хувийн эмнэлэг нь дан байшингаас эхлээд одоо дөрвөн давхар болжээ. Ирэх жил нэгээр өсөх нь мэдээж. Энэ нөхөр эмнэлгийн дарга байхдаа өнгөрсөн хоёр жилд 21 залуу эмч ажилд авчээ. Түүнээс болоод эмнэлгийн үйлчилгээ, оношлогоонд алдаа гарах болжээ. Туршлагатай, ахмад эмч нараа “хөөгөөд” явуулчихсан болохоор тэр биз. Мөн л ажилчид нь хийгээд яамны өндөр албан тушаалтай, нэрээ хэлэхийг хүсээгүй хүнийхээр “Нэг эмчийг таван сая төгрөгийн хахуулиар ажилд авдаг” гэнэ билээ. Тэгвэл 100 сая төгрөг өлхөн цохисон байгаа биз. Түүнийг АТГ-аас шалгаж эхэлснийг ч яамны мэргэжилтэн ярив.Ийм хүн эмнэлгийн дарга байж болох уу? Гуравдугаар эмнэлгийн дарга болох гээд долоон хоног дугхийгээгүй яваа Л.Баярцэцэг гэх хүүхнийг энэ салбарынхан битгий хэл энгийн иргэд ч андахгүй. Төрсөн ахаа хүнд хэргээс мултлахын тулд өвчний оношийг нь зассан ёс зүйгүй этгээд байгаа юм. Эрүүгийн хэрэгт татагдчихаад байгаа энэ хүүхний ард их том бас урт гар байгаа нь ойлгомжтой болов. Шударга бусын сүлд дуулал болохоор ийм этгээд эмнэлэг удирдаж чадах юм уу? Нөгөө гуравт нь барин тавин нүгэл байхгүй ч, ардаа лут томчуултай улс гэдгийг шуугицгааж байна. Энэ удаагийн эмнэлгийн дарга нарын томилгоо их л юм дагуулах шинжтэй. Хэрэв дээрх нөхдийг томилбол лав л Нэг, Гуравдугаар эмнэлгийн эмч, ажилчид босох нь тодорхой байна. Тэмцлийн бүх хэлбэрээр тэмцэхээ ярьцгаав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ