С.Гантогоо: Солонгост цомгоо хийгээд Монголдоо гаргана

-Сайн байна уу. Өөрийгөө танилцуулаач
-Сайн сайн байна уу. Намайг Сэргэлэнгийн Гантогоо гэдэг. Би Солонгос дахь Олон улсын дуулаачдын МОНТАНТ гэх байгууллагад дуучнаар ажиллаж байна.
-Хэзээнээс ажиллах болсон бэ?
-Анх Солонгост гэрээний ажилчнаар ирж байлаа. Дөрвөн жил гаруй ажиллаж байгаад 2 жил хагасын өмнө энэ байгууллагын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Манайх чинь долоон орноос ирсэн дуучид байдаг юм. Би Монгол улсаа төлөөлж ажиллаж байна даа. Хамтлаг гэж хэл болно. Манай байгууллагын дуучид хөгжмийн найруулагчтайгаа хамтарч дуу зохион дуулахаас гадна дэлхийд алдартай дуунуудыг бас дуулдаг.
-Гэрээний ажилтнаар ажиллаж байгаад яаж яваад дуучин болчихов?
-Анх 2007 онд ирсэн. Бараг л таван жил гэрээний ажилтнаар ирчихээд янз бүрийн л ажил хийж үзсэн дээ. Энд ирээд үйлдвэрт хүнд хэцүү ажил хийж байсан ч гэр бүлдээ тус дэм болж байгаа гэж бодохоор сэтгэлээрээ хүчтэй урамтай байсан. Сайн ах, сайн хүүгийн үүргээ биелүүлж байна гэж боддог. Манайхан ч бас одоо өөрийгөө бод гэсэн. Тэгээд л үнэхээр аз байсныг хэлэх үү энэ байгууллагынхаа сонгон шалгаруулалтад орж олон мянган оролцогчдоос тэнцэж, визагаа солиулж, багынхаа мөрөөдлийг биелүүлж дуучин болсон. 2012 онд энэ байгууллагад тэнцэн орсон. Гэхдээ зүгээр аз гэж байдаггүй. Зөвхөн уйгагүй эрэл хайгуул, хөдөлмөр зорилгынхоо төлөө тууштай байхад л аяндаа гайхалтай боломжууд нээгддэг гэдгийг мэдсэн дээ.
-Ер нь дуулдаг байсан уу? Хэзээнээс дуулж эхэлсэн бэ?
-Багаасаа л дуулдаг хүүхэд байлаа. Урлагийн үзлэгийг бол алгасдаггүй байлаа. Ямар дууны наадам уралдаан байна, байнга орж өөрийгөө сорьж хөгжүүлдэг байсан. Монголдоо дуучин болох мөрөөдөл зорилго байсан. Тухайн үед “Оддын эрэлд-2” тэмцээнд орж, дуучин Насанбуян, Мотив хамтлагиийн Ганбаа нартай шилдэг дөрөвт шалгарч тоглолтоо хийж байсан. Дуулдаг бас сурлагадаа сайн байсан болохоор аав маань “Дуу дуулах авьяас чинь мөнхөд байна. Тийм болохоор эхлээд сурч боловсорч мэдлэгээ дээшлүүл” гэсэн. Тэгээд ч аавын минь хэлсэн зөв байсан гэж боддог.
Ээж аавтайгаа ойр байхыг боддог. Хол байгаа хүүдээ байнга санаа зовдог байх. Тийм болохоор байнга холбоотой утсаар яриастай байдаг. Тэд минь л эрүүл саруул байвал жаргал тэр болж байна шүү дээ хэхэ.
- Аав ээжийнхээ тухай яриач?
-Манай аав цэргийн хошууч цолтой. Их зарчимч хүн байдаг. Харин ээж маань насаараа багш хийсэн. Аливаа зүйлийн арга эвийг маш сайн олдог тийм л хүмүүс. Би аавыгаа гал, ээжийгээ устай зүйрлэж боддог доо. Ийм гайхалтай хүмүүсийн үр нь болж төрсөндөө бахархаж, ачийг нь жаахан ч гэсэн хариулчих юмсан гэж бодож явдаг. Байгууллагадаа тэнцэж үнэхээр баяртай байсан. Тэгээд эндхийн урлагийн виз авах болсон. Визээ солиулах гэж Монголд очсон. Ээж аав хоёр маань ээлж дараалан Солонгост ирээд явсан. Ажил ихтэй байдаг болохоор очих бодолтой байсан ч амжихгүй юм.
- Нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг вэ?
- Өглөө эрт босож хөнгөн хооллочихоод ажил ойрхон болохоор 15-20 минут хэртээ алхаж явна. Ажил дээрээ очоод бэлтгэлийн өрөөнд 30 минут дасгал хийсний дараа 30 минут хоолойн дасгал хийнэ. За тэгээд тухайн өдрийнхөө ажлын хуваарийн дагуу өдрийнхөө ажлыг зохицуулна. Тоглолттой байгаа бол бэлтгэлээ хийнэ. Бас байнга тоглолтой байна гэж байхгүй. Зарим өдрөө сургалтын багшаар явах бол түүндээ бэлдэнэ. Ажил дуусангуут фитнесстээ явна. Дуусчихаад оройн хоолоо идчихээд тухайн өдөр хэрхэн өнгөрсөн тухай байгууллагынхаа хувийн цахим хуудсанд өдрийн тэмдэглэл маягаар Солонгос хэлээр бичнэ. Тэгээд л ажил дуусч, дулаахан орондоо орно шүү дээ.
- Тэгэхээр бас багшилдаг гэсэн үг үү?
- Манай байгууллага чинь олон орноос ирсэн дуучидтай болохоор эндхийн 10 жилийн сурагчид болон иргэдэд өөрийн орны тоглоом үлгэр домог дуу хуурыг зааж өгдөг юм л даа. Солонгос хэлээр ярьж өгч байгаа ч Монгол үндэсний хувцсаа өмсөн дуу дуулж, улс орныхоо түүх соёлыг жаахан ч гэсэн танилцуулж байсандаа баяртай байдаг.
- Дуучнаар ажиллах гэрээ нь хэзээ дуусах вэ? Хэзээ эх орондоо ирж, уран бүтээлээ хийх вэ?
-Гэрээ дуусна гэсэн зүйл байхгүй.Сунгагдаад л байна гэх үү дээ. Энэ жил манай байгууллагын анхны цомог гарна. Цомгийн ажил гээд үнэхээр завгүй байлаа. Удахгүй өөрийнхөө уран бүтээлийг хийнэ ээ. Эндээ хийгээд Монголдоо гаргах санаа байгаа. Хамтарч ажиллах хувь хүмүүс байгууллагууд миний пэйжээр холбогдож болно. Миний хувьд рок поп чиглэлээр дуулах хүсэлтэй. Бэлдээд л байгаа гэх үү дээ. Мөн ардын язгуур урлагаа ч байнга сонсдог. Эндхийн рок поп урсгал яаж явж байна гээд байнга эрэл хайгуул хийж байдаг.
- Гадаадад дуучнаар ажиллах, Монголд дуучин байх ялгаа юу байдаг вэ?
- Монголд дуучин байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм. Гэхдээ хаа газрын урлагийн хүн бусдад өөрийнхөө дотор байх тэр сайхан энергийг бусдад түгээж байдгаараа адилхан шүү дээ. Яахав нөхцөл байдлын хувьд өөр л дөө. Хүн ам болон урлагийн түвшин, хөгжмийн ойлголт гэх мэт зүйл өөр байлгүй яахав. К-поп үнэхээр гадаадын иргэдээс Солонгосын тухай юу мэдэх вэ гэвэл кимчи цахилгаан бараа ны дараа бараг к-поп урлаг орж байгаа. Ийм болтол нь хөгжүүлж трэнд болгож чадаж байгаа нь урлагийн сайн бодлого менежмент юм даа. Монголын минь язгуур урлаг бол дэлхийд хосгүй урлаг юм гэдгийг хэлж чадна.
-Өөрөө ямар мэргэжилтэй вэ?
-МУБИС-ийг Газарзүйн багшаар төгссөн. Газарзүйд их дуртай байсан. Ээж минь багш хүн байсан болохоор надад нөлөөлсөн байхаа.
-Мэргэжлээрээ ажиллаж байсан уу? Ажиллах уу?
- Би өөрийгөө мэргэжлээрээ ажиллаж байна гэж боддог. Миний мэргэжил багш. Би заримдаа багшилдаг. Харин газарзүй гэдэг бол маш сониуч хүний хийх ажил гэж боддог. Тэгэхээр үүнийхээ дагуу эрэл хайгуул хийж, урлагийн талаас нь илүү судалж байна.
-Их эрэл хайгуул хийдэг гэх юм. Өөрөө их сониуч байх аа?
- Газарзүйн багш мэргэжилтэй урлагийн хүн гээд бодоод үздээ. Үнэхээр сониуч байлгүй яахав. Байнга эрэл хайгуул хийж байдаг даа.
- Солонгост хэнтэй амьдардаг вэ? Монголчуудтайгаа хэр уулздаг вэ?
- Мэдээж ганцаараа амьдарч байгаа. Монгол найз нөхөд байлгүй яахав. Зав гаргаж байгаад уулзана. Монгол хоолоо идмээр санагдах үедээ Монгол хотхонд очоод идчихдэг. Тэднийх үнэхээр амттай.
- Өнөөдрийн Монголын тухай юу гэж бодож байна вэ?
-Би Монгол орон минь хэзээ нэгэн цагт сайхан болно доо гээд хүлээгээд суухыг хүсэхгүй байна. Саяхан цахим сүлжээгээр хойд, өмнөд хөршүүд 25 жилийн өмнөх болон одоог харьцуулсан хүүхэлдэйн кино шиг үзүүлэлтийг хараад бас л яагаад 100-н жилийн дөрөвний нэг нь явсан байхад ядуурал утаа ажилгүйдэл буурахгүй байна вэ гээд л баахан юм бодогддог.
Монгол минь хөгжиж байгаа. Гэхдээ их удаанаар яваад байгаа юм болов уу гэж бодож байна.Хойд өмнөд хөрш, Солонгос, Казакстан гээд хар л даа нүдэн дээр л маш хурдан хөгжиж байна. Аль ч салбар дээр. Их гүрний бодлого байдаг юмуу эсвэл мэдлэг боловсрол хүрэхгүй байна уу, арга эвээ олохгүй байна уу ойлгохгүй л байна шүү дээ.
Гэтэл Монгол хүний ген ямар билээ?? Ямар ч саад бэрхшээл байсан арга эвийг нь олоод ард иргэд, улс эх орныхоо хөгжлийг өөд нь татаад явчих тийм потенциал, оюуны чадвар байгаа гэж боддог. Шинэ үеийн залуучууд ахмадуудаасаа суралцаж энэ тал дээр хариуцлагатай ажиллах хэрэгтэй болсон гэж бодож байна.
- Хамгийн нандин дурсамжаасаа хуваалцаач?
Миний нандин бүхэн гэр бүлтэй минь холбогддог. Хамгийн нандин дурсамж гэвэл аав минь цэргийн арслан цолтой том бөх хүн. Бага байхад аав Хөвсгөлийн Арбулаг сумын наадамд зодоглож, түрүүлсэн юм. Хажууд ээж уухай гээд босон ах, хоёр охин дүү нарыг минь дагуулаад аав руугаа гүйж байсан үе хэзээ ч мартагддаггүй юм. Бас инээдтэй зүйл гэвэл бага байхад гэр бүлээрээ Хөвсгөл далайг моторт завиар туулж гарахад ээж маань яанаа ямар аймар юм бэ гээд орилоод л аав тэнд инээгээд л тэр үеийг бас хэзээ ч мартдаггүй юм. Их инээж билээ.
-Сэтгэл дотроо байнга бодож явдаг зүйл юу вэ?
-Байнга бодож явдаг зүйл гэр бүлийнхэн, ээж аав минь эрүүл саруул эсэн мэнд байгаасай. Та нарынхаа ачийг заавал хариулна гэж бодож явдаг аа.
- Өөрийнхөө давуу талыг нэрлэвэл?
- Давуу тал гэвэл хаана ч дасан зохицох чадвартай гэж боддог. Мөн хичээвэл зүтгэлтэй байвал бүх зүйлийг болгоно бүтээнэ гэсэн бат итгэлтэй байдаг. Өөртөө итгэх итгэл үнэхээр сайхан.
- Өөрөө их царайлаг юм. Найз охин эсвэл эхнэр бий юу?
- Царайлаг гэсэнд баярлалаа. (инээв) Найз охин одоогоор алга даа.
- Ямар бүсгүйчүүд таалагддаг вэ? Хэзээ гэр бүл зохиох бодолтой байна вэ?
- Эмэгтэй хүнд шалгуур тавина гэж юу байхав дээ. Ухаалаг, цэвэрхэн эмэгтэйчүүд таалагддаг. Хоёр биенээ ойлгож, нэгэндээ итгэдэг байвал л болно гэж боддог. Харин гэр бүл зохиох дээр бол бурхан нэг юм бодоо байлгүй дээ. (инээв)
- Баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа. Эцэст нь миний хэлэх дуртай үг байдаг юм. “Томоос том зорилго тавин түүнийхээ төлөө хичээнгүй зүтгэдэг байх хэрэгтэй. Зорилго чинь биелэхгүй байсан ч чи маш олон зүйлийг мэдэрч, мэдсэн байх болно”.



Ярилцсан Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ