ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН АЖИЛ 23 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих ажлын явц 23 хувийн гүйцэтгэлтэй байна.
“Энэ онд хийх нийт ажлын гүйцэтгэлийг 26,8 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ба 2014 оны эхний 9 сарын байдлаар төлөвлөгөөг 1,7 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байна” гэдгээ тус төслийн багийнхан Зам, тээврийн яам болон ИНЕГ-ын удирдлагуудыг тус нисэх буудлын ажлын явцтай танилцах үеэр онцлон дурдлаа.
Тус төслийн хүрээнд 30 гаруй барилга байгууламж баригдах юм. Энэ онд Шинэ нисэх буудлын үндсэн барилга байгууламжийн нэг болох жилд 3.0 сая зорчигчид үйлчлэх Зорчигч үйлчилгээний терминал, мөн жилд 22000 онгоц хөөрч буух зурвас, Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, Гал унтраах, авран хамгаалах албаны барилга, Цахилгааны үндсэн дэд өртөөнүүд, бие даасан цэвэр, бохир усны хангамжийн байгууламжууд, Дулааны зуухны барилга болон 1490 м урт инженерийн шугам сүлжээний хонгил барих ажлууд хийгдэж байна.
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд энэ оны эхний 9 сарын байдлаар барилгын суурь, далангийн байгууламжийн 5.0 сая гаруй шоометр газар шорооны ажил гүйцэтгэсэн нь нийт ажлын 90 орчим хувийг хийжээ. Зөвхөн хөөрч буух зурвасны 162000 кв.м талбайг цементээр бэхжүүлэх дэвсгэр үеийг бүрэн хийж, зурвасын төмөр бетон хучилтын 65,9 мянган шоо метрийг цутган, үндсэн барилга байгууламжуудын хийц хэсгүүдэд 31.0 мянган шоо метр төмөр бетон цутгах ажлын 70 хувь, Зорчигч үйлчилгээний барилгын төмөр хийцийн ажлын 39,3 хувийг угсраад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ